Оюу Толгойн асуудлаар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар нартай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нар биечлэн уулзлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 01 дүгээр сарын 25-наас эхэлсэн уг тэмцлийг ажиглаж, УОК-ын Шуурхай штаб, ЦЕГ, ЭМЯ зэрэг холбогдох газраас мэдээлэл авч байсан юм.
Өлсгөлөн зарлаж, тэмцлээ илэрхийлж буй хүмүүст ХЭҮК-оос хандаж, хүний язгуур эрх болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх нь зүй ёсны хэрэг хэдий ч эрүүл мэндийн нөхөгдөшгүй байдлаа хадгалж үлдэхэд анхаарч, тэмцлийн өөр арга хэлбэрийг сонгохыг зөвлөж байгааг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд илэрхийллээ.
Өлсгөлөн зарлагчийн зүгээс монгол гэрүүдийг нийслэлийн төв талбайд бариулах зөвшөөрөл олгох боломжоор хангаж өгөхийг хүсч байв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар ХЭҮК-ын үйл ажиллагааны чиглэл хязгаарлагддаг, тухайн асуудлын зөв, бурууг шүүх, ямарваа улс төрийн үйл ажиллагааг дэмжих боломжгүй тул уг хүсэлтийг биелүүлэх, зөвшөөрөл өгөх чиг үүрэг байхгүй болохыг санууллаа.
Мөн тус өдөр ХЭҮК өлсгөлөн зарлаж буй хүний биеийн байдлыг хариуцаж буй эмчтэй холбогдож, мэдээлэл авлаа.