Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнтэй 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар хамтарч ажиллах” нь сэдвийн хүрээнд цахимаар хуралдлаа.
“МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн нь 1948 онд байгуулагдсан. Москва болон бусад томоохон хотуудын трамвай, троллейбусны зам, шугамыг шинээр барих, сэргээн засварлах, гэрлэн дохионы сүлжээ, тээврийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулсан ухаалаг системийг бий болгожээ. Түүнчлэн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг боловсруулж, орчин үеийн дэд бүтэц бүхий хотын нийтийн тээвэр, дугуйн болон явган хүний зам, төмөр зам зэрэг томоохон төслүүдийн зураг төслийг боловсруулсан туршлагатай байгууллага юм.
Дашрамд дурдахад тус хүрээлэнгийн захирал Александр Поляков нь өнгөрсөн оны 12 дугаар сард Улаанбаатар хотод цахимаар зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн Хотын дарга нарын 4 дэх удаагийн форумд оролцож байсан. Энэ үеэрээ Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллага, удирдлагуудтай санал солилцох санаачилгыг гаргасан билээ.
Цахим хурлын үеэр тус хүрээлэнгийн нэгдүгээр орлогч дарга Горелов Станислав Олегович “Улаанбаатар хотын зам тээврийн стратегийн боловсруулалт” сэдэвт танилцуулга хийсэн. Улаанбаатар хотын тухай өөрсдийн цуглуулсан мэдээ, мэдээлэл дээр үндэслэн математик загварчлал гаргаж, хотын түгжрэлийг бууруулах санал боловсруулж, зөвлөмжийг гаргасан байна. Тус зөвлөмжид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт, гэрлэн дохио, телекамерийн удирдлага бүхий нэгдсэн систем болон хяналт, гудамж, замын сүлжээг хөгжүүлэх зэрэг стратегийн элементүүдийг тодотгожээ.
Мөн тус хүрээлэнгийн Бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх Саакян Сергей Сергеевич “Хотын зам тээврийн ухаалаг системийг бүрдүүлэх нь” сэдвээр танилцуулга хийж, Тула хотод хэрэгжүүлж байгаа зам тээврийн ухаалаг системийг танилцуулав. Тус зам тээврийн ухаалаг нэгдсэн систем нь авто машины тоо, хурд, нийтийн тээврийн автобусны тоо, зогсоолд ирэх, хөдлөх, зам засвар, замын хөдөлгөөний зөрчил, ослын шалтгааны мэдээлэл зэргийг агуулсан бүрэн автоматчилагдсан юм. Тус зам тээврийн ухаалаг системийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр хүний амь эрсэдсэн зам тээврийн осол 15 хувь, төвийн бүс дэх тээврийн сүлжээний ачаалал 12 хувь, хяналтын камерын төхөөрөмж суурилуулсан хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчилтийн тоо 20 хувь тус тус буурна хэмээн танилцуулав.