Н.Баярмөнх: Цагаан сарын баярын үеэр авч байгаа хөл хорио бол бидний хувьд анхных биш, бид илүү сайн төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар ажиллах ёстой
Цагаан сарын баярын үеэр коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын Онцгой Комиссоос Битүүний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдлаа.
Хурлаар:
Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисстой хамтран “нэг хаалга, нэг шинжилгээ”-г дүүргийн хэмжээнд эхлүүлж нийт 104.000 гаруй иргэнээс шинжилгээ авах
Хөл хорио тогтоосон үед зорилтод бүлгийн иргэд болон өрхийн орлого тасарсан өрхөд олгох хүнс тэжээлийн судалгааг гаргаж хүнсний багц бэлдэхээр боллоо.
Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баярмөнх хэлэхдээ
“Цагаан сарын баярын үеэр авч байгаа хөл хорио бол бидний хувьд анхных биш. Бид өмнө нь сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хороодод хөл хорио тогтоох арга хэмжээ авч байсан. Гэхдээ энэ удаа бид илүү сайн төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар ажиллах ёстой” гэлээ.
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хувьд 2020 оны 11-р сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 15000 гаруй өрх айлд шаардлагатай хүнс, түлшний туслалцааг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, ТББ, ААН, Улаан загалмайн хороо, иргэдтэй хамтран үзүүлсэн юм.
Цагаан сараар тогтоосон хөл хорионы үед иргэд хариуцлагаа улам нэмж, сайхан цагийн төлөө цахимаар сар шинийн баяраа тэмдэглэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос уриаллаа.