Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй.
Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа, төсөлт ажлын үр дүн, тайланг олон нийтэд ил тод, нээлттэй болгоё. Эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин 800-960 мянган төгрөг байна. Ийм бага цалин үнэлэмжтэй байж шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж ярихгүй.
Тиймээс эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана. Энэ салбарт бодлогын баримт бичиг, төлөвлөгөө багадаагүй. Гагцхүү санхүүжилттэйгээ холбоотойгоор гүйцэтгэл нь хангалтгүй байна.
Тийм учраас шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөр түвшинд гаргана. Салбарын сайдын хувьд эрдэм шинжилгээ, судалгааны бүх хүрээлэнгээр очиж, эрдэмтэн, судлаачдынхаа ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцана гэлээ.
Уулзалтад Шинжлэх ухааны академи болон бусад судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл оролцож, анхаарч ажиллах асуудлаар санал бодлоо хэллээ.