Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний зохицуулалтыг зохион байгуулж ажиллана. Үүнд:
НЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
- Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа үед үүсч болзошгүй эрсдэл, ачааллыг тооцон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган иргэдэд шуурхай үйлчилж, гомдол, чирэгдэл гаргахгүй ажиллана.
- Заагдсан хугацаанд үүрэг гүйцэтгэж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажилдаа ирэх, буцах үеийн тээврийн асуудлын зохицуулалт хийнэ.
- Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнийг жижүүрийн эмч болон тухайн эрүүл мэндийн байгууллагаас хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд иргэнийг гэрт нь буцаах үүргийг хүлээн авсан эрүүл мэндийн байгууллага хариуцна.
- Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 24/48 цагийн горимд шилжүүлж, холбогдох зохицуулалтыг хийнэ.
- Хэрэв нөхцөл байдлаас шалтгаалж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэх тохиолдолд үүсч болзошгүй эрсдэлийг тооцон, холбогдох нөөцийг бүрдүүлнэ.
- Үйл ажиллагааны тайланг тодорхой баримт, судалгаа, нотолгоотой гаргаж, 02 дугаар сарын 15-ны дотор багтаан Нийслэлийн онцгой комисст ирүүлнэ.
ХОЁР. ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдаж байгаатай холбоотой үүсч болзошгүй ачааллыг тооцон тухай бүр зохицуулалт хийж ажиллана.
- Дуудлага өгсөн айл, өрхөөс эмнэлэг рүү өвчтөн тээвэрлэх тохиолдолд сахиур, дагалдах хүнийг хамт явахаас зайлсхийх ба үүссэн нөхцөл байдлыг ойлгуулан тухайн хүн, эмчлэгч эмчтэй онлайнаар холбогдох боломжтойг тайлбарлах. Хэрэв хамт явах тохиолдолд хөл хорио дуустал эмнэлэгт үлдэхийг анхааруулна.
- Амаржих газруудаас гарч байгаа төрсөн эх, нярайг гэрт нь хүргэж өгөх асуудлыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан, үйлчилгээний өндөр соёлыг хэрэгжүүлж зохицуулна.
- Эрүүл мэндийн байгууллагад үүсэх эрсдэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлэг нүүлгэн шилжүүлэх дайчилгааны бэлэн байдлын төлөвлөгөөтэй байна.
- Халдварын сэжигтэй тохиолдлын дуудлагад үйлчилсэн эмч, ажилтнуудыг байгууллага дээрээ тусгаарлах эсвэл гэртээ баримтлах халдвар хамгааллын дэглэмийн зааварчилгаа өгч мөрдүүлнэ.
- Эмнэлэг дундын үйлчилгээний 2 автомашиныг томилж, бэлэн байдлыг хангах бөгөөд тухайн автомашины үйлчилгээг зохицуулах асуудлыг НЭМГ-ын хариуцлагатай жижүүр удирдана.
ГУРАВ. ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
- Өрхийн эрүүл мэндийн төв нь үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангах, үүсч болзошгүй нөхцөл байдлын үед бэлэн байдлыг хангах зохицуулалтыг хийх ба жирэмсний хяналт, нярайн болон гэрийн эргэлт үзлэгийг цахим хэлбэрээр хийж, зөвлөгөө өгнө.
- Өдрийн эмчилгээнд тарилгын бус хэлбэр эмийн эмчилгээг зөвлөнө.
- Хөл хорионы үед жирэмсэн, төрсөн эх, нярай болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд онцгой анхаарал тавьж, цахим хэлбэрээр эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөгөө өгнө.
- Тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хэрэгсэл, автомашины бэлэн байдлыг хангаж ажиллана.
- Товлолын дархлаажуулалтыг түр хугацаагаар хойшлуулна.
ДӨРӨВ. ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
- Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, дэмжлэгэт удирдлагаар хангана.
- Дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа шинжилгээний цэг, явуулын баг, сорьц тээвэрлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж, шаардлагатай зохицуулалтыг тухай бүр шуурхай авч хэрэгжүүлнэ.
- Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, мэс заслын дараах, боолт г.м тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг хариуцаж зохион байгуулна.
- Мэс заслын дараах тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнд үйлчилгээ үзүүлж, гэрт нь хүргэх зохицуулалт хийнэ.
ТАВ. НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ОР БҮХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД
- Байгууллагын үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах, яаралтай тусламжийн тасагт 2-3 орны нөөцтэй байх, эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцийг бүрдүүлсэн байна.
- Эмч, ажилчдын ажлын цагийг 24/48 цагийн ээлжийн горимд түр шилжүүлнэ.
- Ээлж хүлээлцэх, ажилтнуудыг ирэх болон буцах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 06:00-08:00 цагийн хооронд зохицуулна.
- Мэс заслын дараах тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнд холбогдох тусламжийг үзүүлж, гэрт нь хүргэх зохицуулалт хийнэ.
- CT, MRI, ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.
- Тухайн эмнэлгийн лабораторид тодорхойлдоггүй үзүүлэлтийг шинжлэх зайлшгүй тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.
- Түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн сахиур болон дагалдаж яваа иргэдийг халдвар хамгааллын дэглэм баримтлуулан өөрийн эмнэлэгтээ байрлуулах үүргийг хүлээнэ.
- Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдийг сахиураар авахгүй бөгөөд сахиур солихгүй.
- Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн иргэнийг гэрт нь хүргэж өгнө.
- Эмнэлгийн гадаад болон дотоод орчны аюулгүй байдлыг хангаж (хальтиргаа гулгаа, гал, усны аюул гэх мэт) ажиллана.
- Хүчилтөрөгч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хангаж ажиллана.
ЗУРГАА. НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ
- Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар тусламж үйлчилгээг үзүүлнэ.
- Тусламж үзүүлсэн иргэн нь явганаар хүрэх боломжгүй газарт амьдардаг бол гэрт нь хүргэх үйлчилгээг зохион байгуулна.
ДОЛОО. БУСАД
- Түр зааврын 1.1 дэх хэсэгт заагдсан нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс гэрийн ажиглалтад шилжих иргэдийг тээвэрлэх асуудлыг Нийслэлийн Түргэн тусламжийн төв хариуцахгүй.
- Хороо бүрт 2-оос доошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгааг анхааруулсан таних тэмдэг байршуулах шаардлага тавих ба иргэдэд тухайн эмийн сангийн хаяг байршлын талаар мэдээллээр хангана.
- Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хотоос гарах (буяны ажил, эрүүл мэндийн шалтгаан, хүнс, өвс, тээвэр гэх мэт) тохиолдолд ПГУ шинжилгээг шуурхай авах зохицуулалт хийнэ.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС