Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдааны төгсгөлд Хурлын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид болон олон нийтэд хандаж Цагаан сарын баярыг гэртээ тэмдэглэхийг уриаллаа.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:Өнөөдөр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамгийн гол нь салбар дундын ажлын уялдаа, нийслэлчүүдийн оролцоог хангах, өөрсдийгөө хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, эдийн засаг ажлын байраа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ бол өнөөдрийн Нийслэлийн ИТХ, түүний 45 төлөөлөгчийн үүрэг.
Та бид үүний гүүр нь болох ёстой. Коронавируст халдварын тохиолдол өдөр бүр бүртгэгдэж, шинэ голомт үүсэж байна. Тиймээс Засгийн газар, УОК, НОК, энд сууж байгаа Та бид гарч буй шийдвэр бүрийн араас явж, хяналт тавих ёстой. Тэр бүрдээ иргэдийнхээ санал, шүүмжлэлийг байнга сонсож, тусгаж байх ёстой юм.
Та бид Монгол түмний уламжлалт баяраа хоёр дахь жилдээ хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тийм учраас иргэн бүр, энд суугаа 45 төлөөлөгч, нийслэлийн бүх ажилтан, албан хаагчид бүгд өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж Цагаан сарын баяраа гэртээ тэмдэглэхийг уриалж байна.