Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлчүүдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг газар бол Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Газар (ОСНААУГ). Сүүлийн өдрүүдэд зарим газар ус тасарч, оршин суугчид гомдол мэдүүлж байгаатой холбоотойгоор ОСНААУГ-ын дарга Ч. Мэндбаяр дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Манай байгууллага гурван түгээх төв, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй. Өнөдөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 600 гаруй ажилтан, алба хаагч ээлжийн үүрэг гүйцэтгэж, 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан халуун, хүйтэн усны хэрэглээ нэмэгдэх тул шуурхай багуудын бэлэн байдлыг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл саатал гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Сүүлийн өдрүүдэд зарим хувийн орон сууц, хотхонууд ундны усгүй болсон мэдээлэл ирсэн. Уг хотхонууд нийслэлд буюу ОСНААУГ-т хамаардаггүй, хувийн аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагааг нь хариуцдаг.Энэ мэтчилэн манайд харьяалалын бус конторын үйл ажиллагаатай холбоотой 40 гаруй дуудлага ирээд байна. Бид зохих журмын дагуу холбогдох газарт нь шилжүүлэн өгсөн” гэв.
ОСНААУГ-ын 7000-5454 утсанд өдөрт дунджаар 1000-2000 гаруй дуудлага, мэдээлэл ирдэг байна. Харин хөл хорионы үетэй давхцан цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан өчигдөр битүүний өдөр дуудлага энгийн өдрүүдийг бодоход илүү байжээ. Өчигдөрийн дуудлага мэдээллийг авч үзэхэд ахуйн хэрэглээний усны болон ариутгал бөглөрөхтэй холбоотой дуудлага мэдээлэл нэлээд их ирсэн учир ОСНААУГ-аас шуурхай арга хэмжээнүүдийг авч, хэвийн горимд нь оруулан ажиллаж байна.
ОСНААУГ-ын ахлах мэргэжилтэн н.Нармөнх “Дуудлага хүлээн авах төвд өчигдрийн байдлаар есөн оператор, ахлах гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Энэ сарын 12-ны өдөр иргэдээс нийт 2222 дуудлага, мэдээлэл ирсэн” гэлээ.
Тодруулбал,
- ус хангамжаар 23
- цахилгаан хангамжаар 112
- ус алдсан 200
- Халаалт 16
- Халуун усны 41
- ариутгал бөглөрөхтэй холбоотой 70
- Мэдээлэл өгсөн 1705 дуудлага ирсэн.
Мэдээлэл өгсөн дуудлагын хувьд ихэвчлэн ус сувгийн даралт буурсантай холбоотой ирсэн байна.