Коронавирусийн нөхцөл байдлын сүүлийн 24 цагийн мэдээллийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч хоёрдугаар сарын 23-ны өдрөөс мөрдөх дүрэм журам гарсан эсэхийг асуулаа.
Уг асуултад УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш эдийн засгаа чөлөөлөөд иргэд энгийн амьдралын хэв маягтаа орно. Иргэдээс маш энгийн гурван дүрмийг шаардана.
- Зай барина,
- Маскаа зүүнэ,
- Гараа ариутгана. ААН, төрд илүү их хариуцлага байна гэсэн үг. Үйлдвэр, үзвэр үйлчилгээний газрууд нээгдэнэ.
Өнөөдөр 14:00 цагаас УОК-ын нэгдсэн хуралдаантай. Гамшгийн зэрэглэлийг бууруулах талаар хуралдана. Гамшгийн зэрэглэлийг мөрдөх нийтлэг түр журмыг танилцуулна. Түр журам бол олон нийтэд гэхээс илүү ААН-д хамаатай учраас та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулбал нуршсан уйтгартай хурал болж магадгүй. Ямар газрууд нээгдэх, эдийн засгийн хэдэн хувь нээгдэх зэрэг мэдээллүүдийг 16:00 цаг орчимд хүргэнэ.
PCR шинжилгээний бичиг шаардахгүй. Учир нь 12 хоногийн хугацаанд өрх бүрийг шинжилгээнд хамруулж байгаа учраас 23-наас хойш иргэн, төр, ААН-ийн тус бүрийн нь хариуцлагын асуудал хөндөгдөөд явна гэсэн үг.” гэлээ.