Монгол Улсын Зэвсэгт хүчин 100 жилийнхээ түүхийг бичиж буй энэ үед соёл урлаг, спортын алдартнууд түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу Зэвсэгт хүчний талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэ удаад “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин, СТА Б.Тамир “Би Зэвсэгт хүчний алба хаагчдыг торгон хилийн зурвас дээр байдаг сүлдэт баганатай зүйрлэдэг. Яагаад гэвэл тангараг өргөсөн цэргийн хүн зөвхөн эх орныхоо төлөө л ажиллаж, амьдардаг.
Харин би сайхан уран бүтээл хийхийн төлөө шатаж, зүтгэдэг. Цэргийнхэн бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө махран зүтгэдэг. Тийм учраас хайрлаж, хүндэлж, уран бүтээлээрээ дэмжиж ажилладаг гэж ойлгож болно.
Бид хугацаат цэргийн албыг сурталчилсан уран сайхны кино хийхээр төлөвлөж, судалгааны ажлаа хийж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албаа хаасан залуу амьдралдаа ямар их хүсэл тэмүүлэлтэй, эмх цэгц, дэг журам, зохион байгуулалттай, алдааг уучилдаг, алдар нэрэндээ барддаггүй жинхэнэ эр хүн болж төлөвшиж байгаа талаар өгүүлэх кино.
Ахмад үеийнхээ үйл хэрэг, алдар гавьяаг эргэн сануулах, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлж, ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэн болоход нь нөлөөлөх уран бүтээл хийнэ.
Хэрэв би СУИС-д шалгалт өгөөд тэнцэхгүй бол цэрэгт явна гэж бодож байсан. Аав минь гурван жилийн цэрэг байсан хүнийхээ хувьд он жавуудын тухай, нөхөрлөл, цэргийн албаны тухай яриа манай гэрт уран бүтээлтэй зэрэгцээд л өрнөдөг байсан.
Тийм ч учраас миний эчнээ танил салбар юм. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас уран бүтээлд маань бүх талын дэмжлэг үзүүлдэгт талархаж байна. Мөн удахгүй болох түүхт ойн баярын мэнд хүргэе. “Фантастик”-ийнхан тангараг өргөөд жагсаал дотор зогсож, хээрийн сургуульд оролцож, хилийн чанадад энхийг сахиулж, маршид гүйдэг эх орны хөвгүүд биш ч гэсэн уран бүтээлээрээ цэрэг армийнхаа дайчид нь юм шүү” хэмээсэн юм.