Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.
2020 оны 12дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн асуудал үүсэж, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг ажиллан, хүчирхийлэлд өртсөн хүүг хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авсан. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгааг хэлэв.
Засаг дарга Д.Сумъяабазар уг төвийн удирдлагууд болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынханд хандан “Цаашид бид бүгдээрээ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө байр суурь, дуу хоолойгоо нэгтгэж явахгүй бол зохисгүй үйлдлийг нь дэмжээд байгаа юм шиг явмааргүй байна. Нийгэм эмзэг байна. Мөн энэ газарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ганцаардсан, ар гэрийн амьдрал хэцүү, аав ээж нь архины хамраалтай, хичээл ном сурах нөхцөл нь бүрдээгүй, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн харж чадахгүй байгаа хүүхдүүд ирдэг. Тийм болохоор бид л эдгээр хүүхдийнхээ сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй. Тэгж байж ирээдүйд зөв иргэн, зөв аав, зөв ээж болоход нь тусална. Энэ байгууллагын гол зорилго ийм байх ёстой” гэлээ. Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан асуудалд тус төвийн удирдлагуудаас тайлбар нэхэж, хариуцсан газарт нь ийм асуудал гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой хэмээв.
Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших “Өнөөдөр манайх дээр янз бүрийн нөхцөл байдалтай орчноос ирсэн, янз бүрийн төлөвшилтэй хүүхдүүд байна. Тиймээс аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Манай улс шиг “Энэ бол хүүхдийн асрах байр” гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй. Орон сууцны хороолол дунд ялгахын аргагүй орчинд хүүхдүүдээ хамгаалж, сургаж, тэндээс хүүхдүүд ялгаварлан гадуурхалгүй нийгэмдээ гардаг. Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. 74 хүүхдийг нэг ээлжинд есөн багш яаж харж, хандах юм бэ. Хүүхдийг хүн болгох, амьдралын ирээдүйг нь залж өгөх ёстой асран хүмүүжүүлэх газар өнөөдөр засан хүмүүжүүлэх дээр байсан хүн шиг харизмтай хүүхдийг гаргаж байна. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү” гэлээ.
Засаг дарга мөн тус төвд байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцан, хичээл номондоо шамдаж, бусаддаа тустай, найз нартайгаа эвтэй байхыг хэлэв. Тэрбээр “…Та нарт маш их ирээдүй байгаа. Хичээлээ сайн хийж, бие биенээ хайрлаарай…” хэмээн захисан юм.