Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд олгох мөнгөн урамшууллын иж бүрэн материалыг орон нутгаас цахимаар болон эх материалаар нь хүлээн авч, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 14 өдрийн 1/38 тоот тушаалаар 5 ажлын хэсэг байгуулагдаж хоёр сарын турш ажиллан мөнгөн урамшууллын нэгтгэлийг гарган хянаж баталгаажуулаад байна.
Энэхүү нэгтгэлээр Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 14.4. дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны ургацаас стандартын шаардлага хангасан 254.3 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 13 аймгийн 767 иргэн, хуулийн этгээдэд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэрээр гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн тонн тутамд 55.0-100.0 мянган төгрөг олгохоор болсон. Мөнгөн урамшууллын санхүүжилтийг энэ сарын 28-ны дотор багтаан аж ахуйн нэгж, иргэдийн дансанд шилжүүлэх ажил явагдаж байна.