Ардчилсан намын удирдлагууд энэ сарын 28-ны өдөр “Хонх” хамтлагийн дуучин, С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөлөө.
Цэцэг өргөх ёслолд Ардчилсан намын дарга, С.Эрдэнэ, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн, дэд дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Энхтуяа, М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, Нийслэлийн ардчилсан намын дарга Л.Уртнасан, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат тэргүүтэй болон ардчилсан намын гишүүд дэмжигчид, Баянгол дүүргийн Ардчилсан намын удирдлагууд мөн гэр бүл, үр хүүхдүүд, “Хонх” хамтлагийн дууг сонсох дуртай фэнүүд нь хүрэлцэн ирж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ.
Цагаан морин жилийн хэмээн нэрлэгддэг 1990 оны ардчилсан хувьсгалыг хийхэд ард түмнийг Хонхны дуугаараа сэрээж, Монголд цоо шинэ тогтолцоог тогтооход түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсныг гэж үнэлдэг юм.
С.Цогтсайхан агсанд зориулсан хөшөөг босгосон цагаас хойш жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан намын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жил цар тахлын улмаас хойшлогдоод байсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Уг хөшөөг ардчилсан хувьсгал ялсаны 25 жилийн ойн өдрийг угтан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт С.Эрдэнийн санаачлагаар анх цогцлоосон түүхтэй юм.