Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгдэж байна. Тухайлбал,
- Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,
- Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,
- Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ноолуур бэлтгэх аж ахуйн нэгж, ноолуурын үйлдвэрүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор төлөвлөж ажиллаж байна. Мөн тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Дээрх хоёр төрлийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх юм.
Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй, багагүй хэмжээний санхүүжилттэй шийдвэр учир зөв зүйтэй зохион байгуулах шаардлагатай байна. Малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү мал аж ахуйн үйлдвэрийг сэргээх үндсэн хэд хэдэн чиглэлд олгохоор урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тодруулбал, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлд энэ зээлийг түлхүү олгоно. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг 6-7 чиглэлд олгох нь зүйтэй гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна.
Дээрх зээлүүд бүгд арилжааны банкаар дамжин олгогдох учир малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчид харилцдаг арилжааны банкандаа хандах шаардлагатай юм.