Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дараах зүйлийг хэллээ.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:Одоогоор дархлаажуулалтад 11120 хүнийг хамруулаад байна. Хүмүүсийн 40 орчим хувьд нь халуурах, толгой өвдөх, тарьсан хэсэгт өвдөх, хөндүүрлэх гэсэн түгээмэл урвалууд илэрсэн. Энэ нь томуугийн шинжтэй ижил.
Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг цахим бүртгэлд бүртгэж байгаа. Иймээс “E- Mongolia” –аас дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг авч болно.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа
-Албан хаагчдын хэдэн хувийг хамруулсан бэ. Иргэдийг хэддүгээр сараас вакцинжуулж эхлэх вэ?
-Эхний ээлжид эмч мэргэжилтэн, хариу арга хэмжээ авч буй албан хаагчдыг вакцинжуулж байгаа. Дараа нь бусад зорилтот бүлгүүдээ вакцинжуулна.
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд яагаад вакцинжуулалт хийхгүй байгаа вэ?
Эрэмбэлэлтийн дагуу халдварын өндөр эрсдэлтэй ажил мэргэжлийн хүмүүсээ вакцинжуулж байна. Өрхийн эрүүл мэндийн төв дээр үндсэн тусламж үйлчилгээ хэвийн явж байгаа. Цар тахлын үед хүн хоорондын зай барих, иргэдээ хянах гээд вакцинжуулах үйл явцад цаг их зарцуулж буй. Цаашдаа вакцинжуулах хүн ам ихсэх тусам дархлаажуулалтын цэгийг нэмнэ.
-Одоо байгаа вакцинаа ямар тунгаар хийж байгаа вэ?
-Вакцины заавраар 2 тун хийх заалттай. Үүний дагуу 75000 хүнийг хоёр удаагийн тунгаар дархлаажуулна.
-22 цэг дээр хэчнээн эмч ажиллаж байгаа вэ?
-Дүүргийн эрүүл мэндийн төвд 22 нэгжийн 31 багийн 300 гаруй эмч мэргэжилтнүүд ажиллаж байна.
–Шинжилгээг төлбөртэй авч эхэлсэн үү? Шинжилгээний төвүүдэд бээлий дууссан гэж хэлсэн. Шинжилгээний төвүүдийн хангалтын асуудал ямар байгаа вэ? /
-Эдгээр асуудлыг тодруулан асууж, маргааш дахин мэдэгдье.
–Эмч нарын халдвар авсан тоо хэд болсон бэ?
-Хоёрдугаар сарын 27-ны байдлаар 193 эмч мэргэжилтэн коронавирусийн халдвар авсан байна.