Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тушаал гарган Шуурхай штабын ажиллах түр журмыг шинэчлэн баталлаа.
Улсын онцгой комиссын дарга бодлого, стратегийн удирдлагаар хангах бөгөөд өдөр тутмын ажлыг Штабын дарга хариуцна.
Штабын даргын дэргэд нийгэм, эдийн засгийн бодлого болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, тандалт, эрсдэлийн асуудал хариуцсан зөвлөх, эрдэмтдийн баг, яамдын дэд сайд нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажиллаж, мэргэжил, арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ.
Штабын бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах улсын алба, тусгай чиг үүрэг бүхий болон холбогдох төрийн байгууллагын мэргэжлийн, шийдвэр гаргах түвшний албан хаагчид, МУЗН-ийн төлөөлөл ажиллах юм. Үйл ажиллагааны чиглэлээс хамаарч:
– Ажиллагаа-зохицуулалтын /эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, татан авалт, хил, хилийн бооомт нэвтрүүлэх зэрэг асуудал хариуцсан/
– Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах
– Орон нутаг, бүс хариуцсан
– Хяналт-шинжилгээ, үнэлгээ
– Төлөвлөлт
– Нөөц, хангалт
– Мэдээллийн технологи, харилцаа холбоо
– Захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэй ажиллана гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.