Нийслэлийн хэмжээнд иргэдийг вакцинжуулах ажил эхэлсэн. Налайх дүүрэгт одоогоор амбулаторийн байранд хоёр цэгээр зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулах ажил хийгдэж байна.
Маргаашнаас вакцинжуулалтын цэгийн тоог нэмж дөрвөн цэгээр иргэдэд үйлчлэхээр төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан вакцинжуулалтын байнгын цэгийг шинээр байгуулах объектын байршилтай Налайх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар холбогдон албаны төлөөлөлтэй хамтран үзэж танилцлаа.
Вакцинжуулалтын байнгын цэгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байрны хоёр давхарт байгуулах бөгөөд өнөөдөртөө бэлтгэл ажлаа бүрэн хангаж, маргааш буюу 03 сарын 10-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Шуурхай штаб болон Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад үүрэг болголоо.
Амбулаторийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа цэгийн тоог нэгээр нэмэгдүүлж, дүүргийн хэмжээнд нийтдээ дөрвөн цэгээр иргэдийг вакцинжуулах ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
Маргааш буюу 03 сарын 10-ний өдөр боловсролын салбарын 1000 гаруй ажилтан, албан хаагчийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн гэж Шуурхай штабын дарга Х.Анхбаяр танилцууллаа.