Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын хэвлэлийн хурал өнөөдрийн /2021.03.10/ 11:00 цагийн нэгдсэн мэдээгээр коронавирусийн талаар ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 11,170 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хийхэд 109 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,481 болж байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 109 тохиолдлын 104 нь халдвартай хүмүүсийн хавьтал бол таван хүний халдварын эх уурхайг тогтоох тандалтын үйл ажиллагаа явагдаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоохоор ажиллаж байгаа хүмүүсийн оршин суугаа байршлыг харвал:
-Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо
-Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо
-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байна.
Сүүлийн 24 цагт 32 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,797 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 668 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 615, хүндэвтэр 46, хүнд 4 , маш хүнд 3 хүн байна.
Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод халдварын голомтууд нэмэгдлээ. Эрүүл мэндийн ажилтнуудын дундах халдварын тохиолдол нэмэгдэж байна. Мөн аймаг орон нутаг руу халдвар голомтлон гарч байгаа. Халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өссөн дүнтэй байгаа. Мөн цаг агаар дулаарсан тул агаар сэлгэлт сайн хийхийг анхааруулав. Учир нь ковидийн халдвар агаар дуслын замаар дамждаг. Шинжилгээ өгсөн зарим иргэн хариу нь гартал машиндаа, ажлын байрандаа өөрийгөө тусгаарласан байна. Үүний оронд гэртээ очоод, давхар амны хаалт зүүх нь зөв”гэж мэдэгдлээ.