Манай улсад Коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 28-ны 34 дүгээр тушаалаар улс хоорондын ачаа тээвэрлэлтэд үүссэн саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг байгуулан ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан тус Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ГХЯ, УУХҮЯ, ЭМЯ, ХХЕГ, ГЕГ, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, хилийн боомттой аймгуудын Засаг дарга нар, Авто тээврийн төвийн удирдлагууд орж ажиллаж буй.
Шуурхай бүлэг 2020 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар нийт 35 удаа хуралдаж, Шуурхай бүлгийн даргаас өгсөн 147 үүрэг, чиглэл, даалгаврыг хэрэгжүүлж хангуулаад байна.
Шуурхай авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 2020 оны 12 дугаар сарын эхээр 80-140 тээврийн хэрэгсэл гарч байсан бол 2021 оны 03 дугаар сарын 09-ний байдлаар өдөрт Гашуунсухайт боомтоор нүүрсний 500-625, Шивээхүрэн боомтоор 400-450 тээврийн хэрэгсэл хилээр гарч байна.
Замын-Үүд боомтоор 2020 оны 12 дугаар сарын эхээр 15-20 автомашин хилээр нэвтэрч байсан бол Шуурхай бүлгээс зохицуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар өдөрт нэг талдаа 120-150 автомашин хилээр нэвтэрч, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангалт нэмэгдэж, хэвийн хэмжээнд хүрчээ.
Европын улсуудад Коронавирусын халдвар өндөр байсантай холбоотойгоор халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд Засгийн газрын 2020 оны 172 дугаар тогтоолоор Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-наас 2021 оны 01 дүгээр сарын 18-ныг хүртэл түр зогсоосон билээ.
Үүнтэй холбогдон ОХУ-ын Хиагтад Монгол Улс руу нэвтрэх ачаатай тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэнийг Улсын онцгой комисст танилцуулж, шийдвэр гаргуулсны үндсэн дээр Алтанбулаг боомтод гадаадын тээвэрлэгчийн хагас чиргүүлийг монгол тээвэрлэгчид шилжүүлж, ачааг эцсийн цэгт хүргэх ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 02-08-нд туршилтын журмаар амжилттай зохион байгуулсан.
Энэхүү тээвэрлэлтийн үр дүнг үндэслэн “Хилийн Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг боловсруулж, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлуулан, тээвэрлэлтийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлсэн.
Эдийн засгийг дэмжих хүрээнд газар тариалан, бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай уялдуулан тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг харгалзан үзэж, Улсын онцгой комисс Засгийн газарт санал танилцуулж, Алтанбулаг боомтоор бүх төрлийн ачааг, Цагааннуур, Боршоо боомтоор шатахуун, малын тэжээл нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлүүлснээр Цагааннуур боомтоор 2021 оны 02 дугаар сарын 23-наас, Боршоо боомтоор 03 дугаар сарын 08-наас тээвэрлэлтийг эхлүүлээд байна.