Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан хувийн цуглуулгадаа хадгалж буй Халхын бурхны шашны тэргүүн Жавзандамба хутагтуудын намтар түүхэнд холбогдох нэн ховор ном судар, зохиол бүтээлүүдийг Үндэсний төв архивд хүлээлгэн өглөө.
Уг бүтээлүүдээс онцолбол Угалзын лам гэж алдаршсан Лувсанжамц (1878-1962) аграмбын зохиосон “Богд ламын зохиол”, Номч билигт, Эрдэнэ мэргэн шадар цорж, аграмба Лувсанчойнзингийн “Хойд зүгийн шашин аманы цог итгэл Жэвзүн Агваанлувсанчойжинямданзанванчүгийн намтар залбирал сүсгийн үүдийг нээгч хэмээх оршвой”, “Өндөр Богд, Халхын түүх мэдэх болой”, “Богд Жэвзүндамба нарын алдрын бүртгэл оршвой”, “Найман Богдын мэндэлсэн, таалал төгссөнийг хүснэгтэлсэн тэмдэглэл”, VII Богд Жавзандамба хутагт Агваанчойживанчүгпринлайжамцын зохиол, Зоогой аймгийн цорж лам Ринчиндондүвдоржийн “ IX Богд түргэн залрахын залбирал горилын үр аяндаа бүтэх хэмээх оршвой” зэрэг төвөд хэлээр бичсэн Халхын бурхны шашны тэргүүн Жавзандамба хутагтуудын намтар түүхэнд холбогдох зохиол бүтээл зэрэг олон нэн ховор ном судрууд багтжээ.
Мөн сонирхол татахуйц Жавзандамба хутагт нарын төрсөн, таалал болсны тухай хүснэгт, Соёмбо үсгийн цагаан толгой модон барын хэвлэл, Жавзандамба хутагт нарын байгуулсан сүм хийд болон бусад зүйлийн хүснэгт, Найман Богдын мэндэлсэн, таалал төгссөнийг хүснэгтэлсэн тэмдэглэл, Өлзийт 36 үсгийн хүснэгт зэрэг олон сонирхолтой баримтуудыг багтаасан байна.