Төв банкнаас криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгө нь “цахим мөнгө”-ний шинжийг агуулдаггүй учир Монголбанкны хяналт, зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа болохыг анхааруулж мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас Монгол Улс 2020 онд гарсан. ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгараад байна.
Иймд ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь шинэ технологид суурилсан, тогтмол өөрчлөн шинэчлэгдэж байгаа үйл ажиллагаа юм. Иймд эхний ээлжинд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуулийн төсөлд тусгасан.
Харин хэрэглэгчийн эрхийг хамгаалах, цахим аюулгүй байдал, бусад үүсч болзошгүй эрсдэлийг тус хуулиар зохицуулахгүй. Иймд иргэд виртуал хөрөнгийн үйлчилгээ авахдаа учирч болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр дотоодын болон олон улсын криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгийг худалдах, худалдан авах, хөрөнгө оруулах, арилжаа хийх нь зүйтэйг анхааруулж байна.
Олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомж, зах зээл дэх оролцогчдын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч виртуал хөрөнгийн үнэ цэнэ огцом өөрчлөгддөг, өндөр эрсдэлтэй учир иргэд рруулсан хөрөнгөө бүгдийг нь алдах, хохирох боломжтой.
Харин Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан “цахим мөнгө” нь төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгсэл юм. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Монголбанкнаас гаргасан “Цахим мөнгөний журам”-аар үйл ажиллагааг нь зохицуулдаг бөгөөд холбогдох шаардлагыг бүрэн хангасан хуулийн этгээд зөвшөөрөл авсны үндсэн дээр “цахим мөнгө” гаргах боломжтой байдаг” гэжээ.