Коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, сүүлийн өдрүүдэд шинээр халдвар авсан иргэдийн тоо хоногт 100 гаруйгаар нэмэгдэж байна.
Иймд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ням гарагийн орой хийсэн мэдээллийнхээ үеэр иргэдэд хандан дараах зөвлөмж өгсөн билээ.
Тэрбээр, Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдварын тархалт газар авсан. Иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахиж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гэр болон ажлын орчиндоо ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийх зэргээр хувь хүний хариуцлагыг өндөр түвшинд сахихыг Хотын даргын хувьд захиж байна.
Улс орнуудад цар тахлын хоёр, гурав дахь үеийн давлагаа эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд иргэдээ вакцинжуулахад анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ долоодугаар сарын 1-нд багтааж иргэдээ вакцинжуулахаар төлөвлөн ажиллаж байна. Вакцинжуулалт хийснээр Улаанбаатар хотын худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх бололцоог хангах юм.
Нөхцөл байдал амаргүй болсон энэ үед иргэд нийтийн тээвэр болон олон нийтийн газраар аль болох зорчихгүй байх шаардлагатай боллоо. Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Халдварын эрсдэл өндөртэй хэсэгт зорчих хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй гэж зөвлөв.