Ковид-19 өвчний эсрэг дархлаажуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
2021 оны 3 дугаар сарын 13 өдөр Баянзүрх дүүргийн вакцинжуулалтын зарим цэгт ажиллаж буй эмч ажилчдад өгсөн өдрийн хоол муу, мөн эмч нар өнгөрсөн саруудад ажилласан илүү цагаа аваагүй гэх гомдол гарсан билээ.
Ковид-19 өвчний эсрэг авч буй удаа дараагийн арга хэмжээнд орж ажилласан өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад олгох ёстой илүү цагийн мөнгийг 2021 оны 2 дугаар сарын 23 өдөр Эрүүл мэндийн сайд тушаал гарган баталж, Нийслэлийн эрүүл мэндийн газарт шилжүүлсэн байдаг. Тухайлбал Баянзүрх дүүрэгт нийтдээ 210 сая төгрөгийг эмч нарын нэг болон хоёрдугаар сарын илүү цагийн мөнгө гэж шилжүүлжээ. Гэтэл эмч нарын гар дээр Эрүүл мэндийн сайдын шилжүүлсэн мөнгө очоогүй байна.
Илүү цагаар ажилласан эмчийн цалинг яам нь шийдсэн байхад гар дээр нь олгох ажилд хайнга хандаж буй албан тушаалтантай хариуцлага тооцож арга хэмжээ авахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болголоо.
Эмч нарын хэлж буй гомдлыг шийдвэрлэх, асуудлыг газар дээр нь очиж арилгах үүднээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэгт байрлах вакцинжуулалтын хоёр цэгт очиж ажиллав.
Вакцинжуулалтанд ажиллаж буй эмч, ажилчдын хоолны асуудлыг тухайн дүүргийн эрүүл мэндийн төв хариуцан ажиллаж буй. Цаг наргүй, олон хүнтэй харилцаж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч ажилчдын хоолны асуудлыг онцгой анхаарч арга хэмжээ авч, шаардлагатай албан тушаалтантай хариуцлага тооцон ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржид эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов.
2021 оны 1 болон 2 дугаар сарын илүү цагийг мөнгийг өнөө маргаашгүй олгож эмч нарын гарт хүргэх ажилд анхаарч ажиллахыг мөн чиглэл болгов. Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж санхүүжилтийг нь шийдсэн байхад ганцхан нягтлангаас болоод эмч нар хохирч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хатуу анхааруулж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Бямбадоржид яаралтай алдаа завхралыг арилгах үүрэг болголоо.