Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар сарын 15-ны өдөр иргэдээс нийт 355 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 18 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан.
Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 123 буюу 34.6 хувийг машин ачилтын талаар, 69 буюу 19.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл эзэлж байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт вакцины үр дүн, аюулгүй байдлын талаарх дараах асуултыг иргэд түгээмэл асууж байна. Эдгээр асуултад хариулт өгье.
–Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?
-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Учир нь вакцин нь таныг коронавирусээр өвдөхөөс хамгаална. Мөн вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах ач холбогдолтой. Мөн вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлнэ.
–Коронавирусийн вакцинаас халдвар авах уу?
-Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцинаас ямар нэгэн халдвар авахгүй.
–Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхад халдвар авч болох уу?
-Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно гэж үзэж байгаа. Тиймээс вакцин хийлгэхийн өмнө, эсвэл дөнгөж хийлгэсний дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авах боломжтой.
–Хэрэв би халдвар аваад эдгэрсэн бол заавал вакцин хийлгэх ёстой юу?
-Тийм. Халдвар аваад эдгэрсэн хүн дахиад халдварлах магадлалтай тул вакцин хийлгэх нь зөв. Халдвар аваад эдгэрсний дараах дархлаа хэр удаан хугацаанд хамгаалдаг тухай одоогоор мэдээлэл байхгүй, судлагдаагүй байна.