Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийт 305 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 119 буюу 39 хувийг машин ачилт, 53 буюу 17.4 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх дуудлага эзэлсэн байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа “Ковид-19”-тэй холбоотой асуултад хариулт өгье.
-“Ковид-19“–ийн халдвар аваад эдгэрсний дараах дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа хоёрын аль нь илүү удаан хугацаанд хамгаалах вэ?
-Халдвар аваад эдгэрсний дараах буюу байгалийн дархлаа нь хэр удаан хамгаалах вэ гэдэг нь өвчин бүрийн хувьд ялгаатай байдаг. Мөн хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Тиймээс коронавирус нь шинэ төрлийн вирус тул байгалийн дархлаа хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах магадлал маш бага байна гэж үзэж байгаа. Вакцин хийлгэсний дараа хэр удаан халдвараас хамгаалах вэ гэдгийг одоогоор бас хэлэх боломжгүй.
–Хүн амын хэдэн хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтох вэ. Сүргийн дархлаа гэж юу вэ?
-Одоогоор эрдэмтэд хүн амын хэдэн хувь нь коронавирусийн эсрэг вакцин хийлгэхэд энэ өвчний эсрэг сүргийн дархлаа тогтох вэ гэдгийг сайн судалж тогтоогоогүй байна. Сүргийн дархлаа гэдэг нь хүн амын ихэнх нь вакцинд хамрагдсанаар халдварт өвчин тархахад бэрхшээлтэй болж байгааг хэлдэг. Жишээлбэл, хэрэв та улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (УГУ/MMR) вакцины хоёр тунг авсан бол хүн амын дунд улаанбурхан өвчин гарч байвал та энэ өвчнөөр өвчлөхгүй бас өөр хүнд дамжуулахгүй. Халдварын гинжин хэлхээний энэхүү тасалдал нь өвчнийг үр дүнтэй зогсоох боломжийг бий болгоно. Хүн амын дундах сүргийн дархлаа нь шинэ төрсөн нярай, өндөр настан, дархлаа султай хүмүүс зэрэг халдварт өвчинд онцгой өртөмтгий хүмүүсийг хамгаалдаг. Гэхдээ энэхүү сүргийн дархлаа нь тухайн орон нутагт хангалттай тооны хүмүүс вакцин хийлгэсэн тохиолдолд л үр дүнгээ өгдөг. Вакцин хийлгэх шаардлагатай хүн амын эзлэх хувь нь тухайн өвчин хэр зэрэг халдварлаж байгаагаас хамаарч халдварт өвчин тус бүрд өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, улаанбурхан өвчний эсрэг сүргийн дархлааг бий болгохын тулд хүн амын 95 хувь нь уг вакцинд хамрагдах шаардлагатай байдаг.
–Вакцин хийлгэхэд мөнгө төлөх үү?
-Монгол Улсын Засгийн газраас вакцины үнийг төлж байгаа бөгөөд вакциныг үнэ төлбөргүй.
–мРНХ вакцин хийлгэснээр ДНХ буюу генд ямар нэг өөрчлөлт орох уу?
-мРНХ (mRNA) нь уургийн жижигхэн хэсгийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгийг заагч юм. Тиймээс мРНХ нь хүний генийн материал болох ДНХ-г өөрчлөх боломжгүй юм. “Ковид-19”-ийн вакцинд байгаа мРНХ нь хүний генийн материал болох ДНХ байрладаг эсийн нуклеотидад нэвтэрч ордоггүй. Иймээс мРНХ нь ДНХ-г гэмтээх, нөлөөлөх боломжгүй юм.