Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр ОШУСТ-д боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Оросын Холбооны Улсын Төрийн дээд шагнал гардуулах болсныг Александр Невскийн одонг ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов уламжилж, ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигийг танилцууллаа.
БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, Чингис хаан одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа “Та бүхэндээ сансрын хамтарсан нислэгийн ойн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Би өнөөдөр одоогоос 40 жилийн өмнө сандарч байсан шигээ сандарч байна. Ийм өндөр шагналуудыг зэрэг авна гэдэг миний хувьд асар их хүндэтгэл. Монголын ард түмэн, монгол улсынхаа зүгээс, ОХУ-ын зүгээс ОХУ-ын ард түмний зүгээс үзүүлж байгаа гүн хүндэтгэл хэмээн энэ бүхнийг хүлээж авч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэхүү хүндэт шагналаас гадна өнөөдөр түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одон, “Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэн”-ий тэмдгийг гардуулсан юм.
Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, сансрын нисэгч М.Ганзориг, түүний гэргий Ц.Ломбо, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын сансрын багийн гишүүн С.Сайнцог нарт “Хангарди” одонг, Монголын сансрын нисэгч М.Ганзориг, сансрын нисгэгч Д.Сүрэнхорлоо агсны гэргий н.Сэрээтэр нарт Талархал гардуулсан юм.
Монгол хүн сансарт ниссэн өдөр төрсөн Монгол Улсын 172 иргэнээс 62 нь нийслэл хотноо ажиллаж, амьдарч байгаа аж. Зөвлөлт Холбоот Улс “Спутник-1” анхны хиймэл дагуулыг 1957 оны аравдугаар сарын 04-нд амжилттай хөөргөж, улмаар 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд сансрын нисэгч Ю.А.Гагарин “Восток-1” хөлгөөр сансар огторгуйд 108 минут буюу 1 цаг 50 минут орчим нисэн дэлхийг бүтэн тойрсон нь дэлхийн олон улс үндэстэнд сансар огторгуй, од эрхсийг судалж ашиглах гарцыг нээжээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд сансар огторгуйг судлах, энэ талаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн байдаг.
Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орон болсноор, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан хэд хэдэн конвенцод нэгдсэн. Тухайлбал,
- 1967 оны “Сансрын огторгуй, түүнчлэн сар болон тэнгэрийн бусад эрхсийг шинжлэх, ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай”,
- 1968 оны “Сансрын нисэгчдийг аврах, мөн нисэгчдийг эгүүлэн өгөх, сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эгүүлэн өгөх тухай хэлэлцээр”,
- 1972 оны “Сансрын биетээс хохирол учруулсны олон улсын хариуцлагын тухай конвенц”, 1975 оны “Сансрын огторгуйд хөөргөсөн биетүүдийг бүртгэх тухай конвенц”-ууд юм.
Зөвлөлт холбоот улс 1965 оноос эхлэн найрамдалт харилцаатай улс орнуудын сансрын нисэгчдийг хамтарсан нислэгт хамруулан, судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын “Интеркосмос” хөтөлбөр боловсруулсан.
Уг хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутад хөөрч, 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай буусан билээ.
Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон түүхтэй.
Уг арга хэмжээнд Оросын талаас ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, “Русский Дом в Улан-Баторе”-ийн захирал А.Р.Базархандаев, Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын -ын 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Батлан Хамгаалахын сайд, ойг зохион байгуулах комиссийн дарга Г.Сайханбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцлоо.
Бичлэгийг энд дарж үзнэ үү.