Д.Бэхбаяр: Хуурайшилт, түймрийн эрсдэл аюултай түвшинд байгаа

Жил бүр хавар, намрын улиралд хуурайшилт, салхи шуургатай үед гал түймэр ихэсдэг. Иргэд хэрхэн сэрэмжтэй байх талаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяраас тодрууллаа.

-Жил бүрийн өдийд гал түймрийн дуудлага ихэсдэг. Өнгөрсөн онд нөхцөл байдал хэр байсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд 2020 онд 1813 удаагийн гал түймэр гарснаас шар өвсний түймэр 13.5 хувь буюу 245 удаа гарч, нийслэл орчмын уулын ам, зуслангийн бүсэд 228 га талбай, иргэдийн 18 байшин, дөрвөн гэр, 41 хашаа шатсан.

Улсын Онцгой комисс, ОБЕГ, НОБГ-ын албан даалгавар, удирдамж, дүүргийн Засаг даргын захирамжууд гарсан байгаа. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг ногоон бүсэд өдөр бүр батлагдсан хуваарийн дагуу уулын ам, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулан, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймэр ихсэх хандлагатай байна.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага ирээгүй байна.

-Энэ жил хуурайшилтын зэрэг ямар байна вэ. Ерөнхий төлөв гарсан уу?

-Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2021 оны гурав, дөрөвдүгээр саруудад агаарын хэм Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, дорнод Монголын тал нутаг зэрэг ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу аюултай түвшинд байгаа. Ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20- ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл байдаг. Тиймээс шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүр сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Шар өвс шатааж байгаад түймэр тавьсан иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Өвс шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хуулийн 5.14-т заасны дагуу иргэний үүргээ биелүүлээгүй бол, 15.2-д хууль ёсны алба хаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэдгээр иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон нөхөн төлбөр олгуулна.

-Өнжмөл өвсийг шатаахаас илүүтэй өөр байдлаар цэвэрлэх ямар арга байдаг вэ?

-Хуурайшилтын үед эрсдэлтэй ногоон бүсэд суурьшсан тохиолдолд ил гал гаргаж, өнжмөл өвсөө шатаах нь буруу. Өнжмөл өвсний гал салхины хурдаар тархдаг тул иргэд ил гал гаргаж өвсөө шатаахгүй байх хэрэгтэй. Хашааны хог, өнжмөл өвсөө цэвэрлэж зориулалтын хог тээврийн машинд ачуулах хэрэгтэй. Хаврын хуурайшилтын энэ үед ард иргэд хээр гадаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цогийг бүрэн унтрааж, халуун үнс нурмаа тусгайлан бэлдсэн таглаа бүхий сав, нүхэнд хийх хэрэгтэй. Мөн шар өвс шатаахгүй байж, гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.3.23 МЯГМАР № 56 (6533)

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …