Файзер/Бионтех компаниудын “КОМИРНАТИ” вакцины тарилгыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.
Өнөөдрийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон АНУ, Австралийн Холбооны Улс, Европын Холбоо, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Саудын Арабын Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Япон Улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, өвчтөний төлөөлөл оролцлоо.
Дэлхийн бүх улс орнуудад КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх вакциныг тэгш, хүртээмжтэй түгээх КОВАКС хөтөлбөрийн үндсэн зорилго биеллээ олоход санхүүжилт олгох замаар бодит дэмжлэг үзүүлсэн бүх донор улсуудын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүст талархал илэрхийлж буйгаа Эрүүл мэндийн дэд сайд Т.Баттүвшин нээлтийн үгэндээ онцлов.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Pfizer вакциныг хүлээн авах 18 улсын нэгээр сонгогдох нөхцөлийг бүрдүүлэн ажилласан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад талархаж байна гэдгээ олон улсын байгууллагын төлөөлөл хэлсэн үгэндээ тусгайлан тэмдэглэж байв.
КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газраас Pfizer вакцинаас энэ оны 2 дугаар улиралд нэмэлт тун авах хүсэлтийг гаргаад байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал, эрэлт, олон улсын тээвэр ложистик зэрэг олон хүчин зүйлээс хамаарч нийлүүлэлтийн хугацаа тодорхой болно. Мөн ирэх 4 болон 5 дугаар сард багтаж КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 98,400 тун АстраЗенека вакцин нийлүүлэгдэх хуваарьтай гэдгийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэмдэглэн хэлэв.
Файзер/Бионтех компаниудын “КОМИРНАТИ” вакциныг хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн хяналтад байгаа иргэн, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, бөөрний гемодиализын эмчилгээтэй,дархлалын олдмол хомстлоор өвчилсөн зорилтот бүлгийн иргэдэд хяналтын эмчийн зааврын дагуу тарих юм.