Улсын онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон билээ.
“Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж, халдварын тархалтын бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг өнгөрсөн бямба гаригт нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллав.
Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнтэй тус бүлэг нийтийн тээврийн үйлчилгээний 28 байгууллагын судалгааг дүүрэг тус бүрээр гаргаж, ажлын хэсгийг 5 баг болгон хуваарилсан бөгөөд энэ өдөр нийтийн тээврийн үйлчилгээний 9 аж ахуйн нэгж, байгууллага, 64 автобусыг хамруулан шалгахад 42 зөрчил /суудлын бүрээс уранхай, бохирдсон 7, зай барих тэмдэглээгүй 19, жолооч- амны хаалтгүй 2, бээлийгүй 3, ажлын хувцасгүй 1, гар ариутгагч ажиллагаагүй 2, QR код хангалтгүй уншуулсан 3, галын аюулгүй байдал бүрэн хангагдаагүй 1, тусгаарлах өрөөний иж бүрдэл хангалтгүй 3, засварын байрны цэвэрлэгээ муу 1/-ийг илрүүлж, 5 зөрчлийг арилгуулан зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлгээс:
-Зорчигчдод сууж буухдаа гараа ариутгаж үйлчлүүлэхийг сануулсан дуут мэдээ, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах,
-Эцсийн зоггсоолууд дээр жолооч нар нь жижиг маранцар үүсгэгчээр халдваргүйжүүлэлтийг хийдэг болгох,
-Жолооч нарт үйлчилгээнд ажиллаж байхдаа агаар сэлгэлтийг тогтмол хийж байх талаар заавар зөвлөмж өгч хэвшүүлэх,
-Обьектын аюулгүй байдлыг хангуулах,
-Засварын байрны цэвэрлэгээ, эмх цэгцийг сайжруулах,
-Жолооч нарыг амны хаалт ажлын хувцсаар бүрэн хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгүүлэх талаар зөвлөмж гаргаж аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг ирэх сарын 3-ныг хүртэл өдөр бүр дээрх 28 байгууллагад “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангах, халдварын дэглэм сахиулах, халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллах юм.