УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, ялагдал хүлээсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болохоо мэдэгдлээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байсан.
Ингэхдээ “Ирэх зургаан жилд Ковидийн дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэл гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлаас Монголчуудад учрах эсрдлийг багасгахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөөр би шийдлээ” хэмээн мэдэгдэж байсан.
Тэрбээр өчигдөр энэхүү мэдэгдлээ АН-ын цахим сонгуулийн үр дүнг зарлах үеэр бататгасан юм.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Би 50 наснаас дээш настай, 1960-аад оны нэр дэвшигч. Яагаад би насаа хэлж байна гэхээр миний өмнө дахиад нэг даваа байна. Миний хувьд АН-ын сонгууль бол дараагийн даваа уруугаа явах бие халаалт байлаа. Энэ бие халаалтыг шижигнэсэн сайхан итгэл үнэмшилтэй залуучуудтайгаа хийсэндээ баяртай байна. Дараагийн сунгаанд дахин уулзталаа баяртай” гэсэн юм.
Цахим сонгуулийн үр дүнг зарласны дараа тэрбээр АН-д залуусын үе ирж байгааг хэлээд даргын сунгаанд ялалт байгуулсан М.Тулгатад баяр хүргэн, намыг аваад явна гэдэг итгэл, гэрэл гэгээ дүүрэн байгааг илэрхийллээ.