Н.Уртнасан: Аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг нэгтгэн санал боловсруулж ЗГ-ын хуралдаанд оруулна

Улаанбаатар хотод Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын даргын тушаалаар олон нийтийн газар, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон.

Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг Драгон Холдинк ХХК болон Гурвалжин I,II төвүүдэд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны зарим удирдлага, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дотоодыг хамгаалах Их сургуулийн төлөөллүүд багтаж байгууллагуудын халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа болон түр журмыг мөрдөхөд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдтэй газар дээр нь биечлэн танилцлаа.

Улсын Онцгой Комиссын даргын 18-р тушаалаар баталсан Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх түр журамд ерөнхий чиглэлийн 9 шаардлага, тусгай нөхцөлийн 16 шаардлагыг тусгасан. Драгон худалдааны төвийн хувьд эдгээр журмыг мөрдөхөд хүндрэл, бэрхшээл харьцангуй бага боловч ариутгал, цэвэрлэгээний зардал болон бусад санхүүгийн асуудлууд хүнд байгааг энэ үеэр онцолж байсан юм.

Өнөөдрийн байдлаар “Драгон” компанид 300 гаруй түрээслэгч буюу 800 орчим хүн ажиллаж, үйл ажиллагаа явуулж байна. Ковид-19 цар тахлаас өмнө өдөр тутамд 8 мянгаас 13 мянган хүн үйлчлүүлдэг байсан бол одоо өдөрт 1-2 мянган хүн л үйлчлүүлэх болсон гэнэ. Үүний гол шалтгаан нь халдварын тархалтаас үүдэн хөдөө, орон нутагт зорчих хөдөлгөөнийг хааснаар Драгон худалдааны төвийн үйлчлүүлэгчдийн урсгал эрс багасаж эдийн засгийн хувьд хүнд нөхцөл, байдалтай тулгарч байгааг удирдлагууд нь хэлсэн юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Өнөөдөр манай ажлын хэсэг худалдааны байгууллага, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэн ажиллаж байгаатай газар дээр нь танилцлаа. Ингэхдээ байгууллагуудад Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг мөрдөхөд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг сонсох, тэдгээрийг Төр засгийн түвшинд хүргэх, цаашид халдварыг бууруулахад чиглэсэн зөв шийдвэрүүдийг гаргахад хамтран ажиллах зорилгоор энэхүү хяналт, шалгалтыг хийж байна. Драгон худалдааны төвийн хувьд 2 хоног тутамд нэг удаа 24 мянган м2 талбайдаа ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж байгаа бөгөөд ингэснээр нийт үйл ажиллагааны зардлын 50 хувь нь халдвар, хамгааллын урсгал зардалд зарцуулагдаж байгааг хэлж байна. Энэ мэт аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг нэгтгэн санал боловсруулж Засгийн хуралдаанаар оруулна.

НМХГ-ын АЧХХ-ийн ахлах, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл: “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх түр журмын 25 асуумж бүхий хяналтын хуудсыг шалгалтын ажилд хэрэглэж байна. Драгон худалдааны төвийн хувьд халдвар, хамгааллын дэглэм сахин мөрдөлт сайн түвшинтэй байна.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн Гурвалжин I,II худалдааны төвийн халдвар, хамгааллын дэглэмийн хэрэгжилтийн нөхцөл, байдалтай танилцлаа. Гурвалжин барилгын материалын хоёр төв нь 92 түрээслэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өдөр тутамд 300-500 хүн үйлчлүүлдэг томоохон худалдааны төв юм. Уг төвийн хувьд халдвар, хамгааллын дэглэмийг сахин мөрдүүлэхэд тулгарч байгаа хүндрэл нь лангуу хоорондын зай, талбай багаас шалтгаалан хүн хоорондын зайг барих нь бэрхшээлтэй байгаа талаар онцолсон юм.

БГД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ц.Идэрбат:Гурвалжин худалдааны төвийн түр журмын хэрэгжилт өнөөдрийн байдлаар 70-80 хувьтай дүгнэгдэж байна. Тухайлбал, лангуу хоорондын зай нягтаршил ихтэйгээс хүн хоорондын зай барих боломж хязгаарлагдмал, мөн хамгаалалтын хаалтгүй, орох хэсэгт ариутгалын төхөөрөмжийг суурилуулаагүй зэрэг журам мөрдөгдөөгүй нөхцөл, байдалтай байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох шаардлагуудыг хүргүүлж журмын хэрэгжилтийг хянан ажиллах болно.

Цаашид Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг Хүнсний бус худалдааны төвүүдэд хяналт шалгалтын ажлыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн хийх юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …