Эмгэнэл | Ишийн Дашням /1937-2021/

ЭМГЭНЭЛ

ИШИЙН ДАШНЯМ 

(1937-2021) 

Монголын хууль зүйн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, Монгол Улсын хууль зүйн их дээд боловсролын шилдэг зүтгэлтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч багш Ишийн Дашням ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.  

Профессор И.Дашням 1947-1957 онд Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1967-1971 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Түүхийн анги, 1990-1993 онд ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн докторантурыг дүүргэжээ.  

Талийгаач И.Дашням МХЗЭ-ийн байгууллагын ахмад, туршлагатай, шилдэг боловсон хүчний нэг байлаа. Эрхэмбээр 1957-1959 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хорооны зааварлагч, 1960-1967 онд МХЗЭ-ийн Төв хороонд зааварлагч, улмаар боловсон хүчний хэлтсийн даргаар дэвшин үр бүтээлтэй ажиллажээ.  

Профессор И.Дашням нь 1971 оноос МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Төр, эрх зүйн тэнхимд төр, эрх зүйн түүхийн багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажиллажээ.  

Талийгаач И.Дашням нь 1980-аад онд МУИС-ийн Намын хорооны даргаар сонгогдон ажиллаж, МУИС-ийг хөгжүүлэх, багшлах боловсон хүчнээр бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.  

Профессор И.Дашням нь 1992-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж, тус сургуулийг Монголын хууль зүйн тэргүүлэх их дээд сургууль болгох үйлсэд хүч хөдөлмөр, мэдлэг чадвар, туршлагаа дайчлан ажилласан Монголын хууль зүйн их дээд боловсролын нэрт зүтгэлтний нэг байлаа.  

Профессор И.Дашням нь 1978 онд “БНМАУ-ын сонгуулийн системийн үүсэл, хөгжлийн эрх зүйн асуудал” сэдвээр хууль зүйн ухааны дэд эрдэмтний, 1993 онд “Монгол оронд феодалын эрх зүйг халж, шинэ эрх зүй бүрэлдэн тогтсон нь /1921-1940/” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.  

Профессор И.Дашням нь Монголын төр, эрх зүйн түүх судлалын урьдаа барих томоохон эрдэмтэн байлаа. Эрхэмбээр нэг сэдэвт бүтээл, их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл олныг бүтээж туурвисны дотроос “Монгол Улсын төр, эрх зүйн түүх” хоймсон цуврал судалгааны бүтээл нь Монголын хууль зүйн шинжлэх ухааны сан хөмрөгт хосгүй бүтээл болон үлдэв.  

Профессор И.Дашням нь шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм багш, нэрт сурган хүмүүжүүлэгч байлаа.  

И.Дашням багш нь монголын үе үеийн хуульчид, эрх зүйчид, хууль зүйн ухааны магистр, доктор, хууль зүйн багш сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэн хүмүүжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан учир Профессорын цол хүртсэн юм.  

Талийгаач И.Дашнямын Монгол улсад хууль зүйн их дээд боловсрол, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан гавьяа зүтгэл, хувь нэмрийг нь төр, засаг өндөр үнэлж, эрхэмбээрт 2010 онд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээжээ.  

Монгол улсын хууль зүйн шинжлэх ухааны нэрд гарсан эрдэмтэн, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш Ишийн Дашнямын бүтээл туурвил, эгэл даруу, шударга зан, туйлын хөдөлмөрч чанар, гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно.  

Монгол Улсын Их Сургуулийн эрдмийн хамт олон 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдмийн хамт олон 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …