Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хороо өчигдөр /2021.03.31/ хуралдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Түр хорооны хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын удирдлагууд оролцов. Эхлээд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 8447 хүн халдвараар өвчилсөн. Нийт иргэдийн 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй болон шинж тэмдэг багатай хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг хүсэлтийнх нь дагуу гэрээр эмчлэх арга хэлбэрийг шинээр хэрэгжүүлснээр эмнэлгийн орны нөөцийг хадгалах, эмч, ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх боломжийг бүрдүүллээ.
Дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж, 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 288.589, орон нутагт 11.777, нийт 300.366 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан.
Сэргийлэлт, хяналт, оношилгоо, эмчилгээнд нийт 4400 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Их эмч 949, сувилагч 1069, тархвар судлаач 119, бусад ажилтан 6524 байна. Халдварын үед ашиглах нийт 6524 орыг эрүүл мэндийн байгууллагуудад бэлтгэсэн бөгөөд үүнээс энгийн 6124, эрчимт эмчилгээний 400 ор байна.
Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын тооцооллоор 2021 оны дөрөвдүгээр сарын эхний 15 хоногт хэрэв хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол арван мянгад хүрч бүртгэгдэх, хүндэвтэр, хүнд өвчтөний тоо өсөж эмнэлгийн ачаалал нэмэгдэх байдал ажиглагдаж буй учир 2021 оны дөрөвдүгээр сарын 3-наас 14 хоногийн хугацаагаар хөл хорио тогтоон, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулж чадвал халдварын тохиолдлын өсөлт зогсож, нэг хүнээс халдвар авах хүний тоо нэг байх боломжтой гэж тооцож, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.
Тэрбээр, дархлаажуулалт болон халдварын тархалтын талаар мэдээлэл өгсөн юм.
Тархвар зүйн муруйгаас харахад халдвар улсын хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 3-наас хойш тогтмол өсөх хандлагатай байна. Насны бүлгээр авч үзвэл хөдөлмөрийн идэвхтэй насныхан халдварт илүү өртөж байна. Цаашид өндөр эрсдэлтэй газруудад тандалтыг эрчимжүүлнэ. Дөрөвдүгээр сард вакцин нэмж ирэхээр дархлаажуулалтыг мөн эрчимтэй хийнэ. Ойрын хавьтлыг илрүүлэх тандалт судалгааны багийн тоог нэмсэн. Гэрээр тусгаарлагдсан хөнгөн тохиолдлыг хүндрэхээс сэргийлж, хяналт тавьж байна хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээллээ.
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хүүхдүүд халдварт өртөж буй тоон мэдээллийг тодруулахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд 1100 орчим хүүхэд халдвар авсан. Гэр бүлд халдварын тохиолдол өндөр гарч байгаатай холбоотой буюу эцэг, эхээсээ хүүхдүүд халдвар авч байна гэж хариулав.