Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга С.Баттөр нар өчигдөр Хан-уул дүүргийн шинжилгээ, вакцинжуулалтын цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Мөн дүүргийн 1 дүгээр хорооны “Мөнх Бадрах” өрхийн Эрүүл мэндийн төвд очиж, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж байгаа асуудлаар болон тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нь шийдвэрлэх чиглэл өглөө.
Өчигдрөөс 18-45 насны иргэд вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 52 дугаар сургууль дээр өдрийн 17 цагийн байдлаар нийт 567 иргэн вакцинжуулалтад хамрагджээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 69 цэгт вакцинжуулалтыг хийж буй бөгөөд өчигдрийн 18 цагийн байдлаар 28505 иргэнийг вакцинжуулжээ.
Иргэд шинжилгээ өгөх цагтаа ирэхгүй, зарим аж ахуйн нэгжүүд 72 цагийн PCR шинжилгээг тогтмол өгөх шаардлагыг тавьж буй нь шинжилгээний цэгт зохимол оочер үүсгэж хүндрэл учруулж байгааг Хан-уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 18 дугаар сургуулийн байран дахь шинжилгээний цэгийн ажилчид мэдээлж байна.
Тус хороонд халдварын батлагдсан 7 тохиолдол бүртгэгдэж гэрийн тусгаарлалтад ажиглагдаж байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эмчилгээний багц хүргэж эхэлсэн бөгөөд өрхийн Эрүүл мэндийн төв хяналт тавьж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг утсаар өгч байгаа талаар мэдэгдлээ.
Шадар сайдын зүгээс шинжилгээний цэгүүдийн дотоод зохион байгуулалтыг сайжруулж, аль болох олон иргэдийг шинжилгээнд хамруулах чиглэлийг ХӨСҮТ-ын даргад өглөө. Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хандаж байгаа нь сайшаалтай боловч нөгөө талаар эрсдэл учруулахгүй байхад онцгой анхаарч, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах үүргийг холбогдох албаныхан өгөв.