Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газрын алба, дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлагууд Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг барих төсөв суусантай холбогдуулан газрын асуудлаар дүүргийн 8,12-р хороонд байрлах ашиглагдахаа больсон газруудад очлоо. Тухайлбал Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо иргэдийн сайн мэдэх “Дүнжингарав”-ын замд байрлах “Монгол тэмүүлэл” цогцолбор сургуулийн дэргэд огт ашиглагдаагүй 4га газар, 12 дугаар хороонд байрлах хуучнаар “Ботаник” одоогийн “Монгол-Японы” хамтарсан эмнэлгийн хажууд байрлах 5га газрын аль нэгт дүүргийн Нэгдсэн эмнэлгийг барихын тулд холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлахаар боллоо.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээБаянзүрх дүүргээс Улсын Их Хуралд сонгогдсон Э.Бат-Амгалан гишүүн улсын төсөвт дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвийг суулгуулсан. Одоо бид барих газраа олох л үлдсэн. Баянзүрх дүүргийн хувьд нэгдсэн эмнэлэггүй. Байсан эмнэлгийг нь хувьчилсан. Тиймдээ ч энэ цар тахлын хүнд үед бид дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түшиглэн ажиллаж байна. Иргэдийн хувьд ч надруу Баянзүрх дүүргийг нэгдсэн эмнэлэгтэй болгох талаар маш олон хүсэлтүүдийг илгээсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийг Нэгдсэн эмнэлэгтэй болгох асуудлыг хөндөж байна гэлээ.
Харин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамир хэлэхдээ8,12-р хороонд байрлах газруудтай очиж танилцлаа. Ер нь бол гадны улс орнууд эмнэлгээ сургууль, боловсон хүчний нөөцтэй газраа түшиглэн барьж байгуулдаг. Тэр ч утгаараа “Монгол-Япон”-ы хамтарсан эмнэлгийн хажууд байрлах 5га газарт дүүргийн Нэгдсэн эмнэлгийг баривал бидэнд илүү таатай байх болно. Газар зүйн хувьд ч, ойр хавьд байгаа барилга байгууламжуудын хувьд ч тэр Баянзүрх дүүргийн төв хэсэгт, гадны томоохон эмнэлгийг түшиглээд барих юм бол эмч эмнэлгийн ажилтнууд, шатлал хоорондын уялдаа холбоо гэх мэт маш чухал нөлөөтэй гэв
Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий” 8,12-р хороонд байрлах 2 газрын хувьд нэг нь хувийн өмчийнх, нөгөөх нь Шинжлэх ухааны академийнх буюу Засгийн газрынх. Бидний хувьд хувийн хэвшилтэй харилцаж тухайн 8-р хорооны газарт Эмнэлэг барина гэвэл нилээдгүй хугацаа шаардана. Харин 12-р хороо буюу “Ботаник”-д байрлалтай газарт эмнэлэг барихаар болсон тохиолдолд дээд шатны байгууллагуудруу хүсэлтээ өгнө. Үүгээр ч болоогүй нэгдсэн эмнэлэг барина гэсэн тохиолдолд дэд бүтэц, ус дулаан, гэх мэт зөндөө асуудлууд бий. Харин 8,12-р хорооны 2 газарт бол бүх зүйлс нь бэлэн учраас аль нэгд нь дүүргийн Нэгдсэн эмнэлэг барих боломжтой” гэлээ.
Ташрамд дуулгахад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг барих зураг төсөл, төсвийн асуудлыг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан улсын төсөвт суулгуулж чадсан бөгөөд газрын асуудал үлдээд байгаа юм. Баянзүрх дүүргийн хувьд Улсын нэгдсэн эмнэлэггүй бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийг анх 2012 онд хувьчилж байжээ.