Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр (2021.04.09/ харуулын даргаа хөнөөж, зугтсан цэргүүдийн талаар мэдээлэл өглөө.
Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214-р ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.
Энэ хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214-р ангийн дөрөвдүгээр заставын харуул дээр өнгөрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 18:00 цагт Монгол улсын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нарын бүрэлдэхүүнтэй манаанд үүрэг гүйцэтгээд хилийн харуул дээр ирэх явцад хэрэг гарсан. Харуулын дарга манаагаа тосч авч буу шалгаж байрлуулдаг журамтай. Ингээд байрлуулах үед манааны бүрэлдэхүүн урдаас нь зэвсэг хэрэглэж харуулын даргын амь насыг хөнөөгөөд харуулын байрыг орхиод явсан мэдээллийг авсан.
Говь Алтай аймгийн цагдаа болон тагнуулын байгууллага ангийн бүрэлдэхүүнтэй ажиллаж хоёр цэргийн араас мөрдөж байна. Ангиас 50 орчим км-т Хонхор гэдэг газарт мотоциклоо орхиод цааш явсан мөрийг илрүүлээд мөшгөж байна. Харуул дээр хоёр цэргийн алба хаагч үлдсэн. Энэ дөрвөн цэрэг нь өнгөрсөн оны аравдугаар сард татагдсан цэргүүд бөгөөд манаанд явж ирсэн хоёр цэрэг ийм үйлдлийг хийсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хил дээр үлдсэн хоёр цэргийн өгсөн урьдчилсан мэдүүлгээр ямар нэг дарамт шахалт байгаагүй.
Харуулын дарга харин ч цэргүүдтэй хүнлэг харьцдаг, шүлэг уншиж өгдөг, яруу найргийн талаар ярилцдаг байсан гэх мэдээллийг өгсөн.
Хууль хяналтын байгууллага уг хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна.
Амиа алдсан харуулын дарга “Эх орны манаа” сонины түүхт 80 жилийн ойгоор зохион байгуулсан шүлгийн уралдаанд дэд байр эзэлсэн, хамгийн сайн, шилдэг харуулын дарга байсан. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь хилийн заставд хамт амьдарч, цэргүүдэд хоол хийж өгдөг байсан.
Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар юм. Өнгөрсөн оны намар татагдсан цэргүүд”гэж мэдэгдлээ.