Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.
Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкин дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгохыг үүгээр мэдэгдэж байна:
- Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн та цахим төлбөрийн баримтын систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоорой. Таны ибаримтад бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.
- Хэрэв EBarimt-д бүртгэлгүй бол www.ebarimt.mn сайтаар эсвэл аппликейшнийг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкин дахь хувийн дансаа холбоорой. Ингэснээр уг системд бүртгэлтэй таны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.