Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын ажилтнуудын хувийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөн оролцуулж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбатаас энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Өмнөх хөл хориогоор ийм зохицуулалт хийж байгаагүй. Яагаад энэ удаа ийм зохицуулалт хийхээр болсон бэ?
-Өмнө нь хөл хорио тогтоохдоо ажил, үйлчилгээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн 15 салбарын тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын хүсэлтийг үндэслэн хөдөлгөөнд QR кодоор оролцуулах байдлаар зохион байгуулсан. Ингэхэд хөл хорионы дэглэмээ сахих, иргэдийн хөдөлгөөнийг 10 хувьд багтаах зорилт биелэхгүй болоод байсан юм. Мөн Тээврийн цагдаагийн албанд QR кодтой холбоотой маш их гомдол ирж байлаа.
Үүнээс болж үл ойлголцол үүссэн. Үүнийг хөнгөн байдлаар шийдэх, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, хөл хорионы дэглэмийг нарийн баримтлахын тулд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон. Зөвхөн хөдөлгөөнд оролцох боломжтой иргэдийн машин гэхэд л 51 мянга байна. Үүн дээр түгээлт нэмэгдэхээр маш олон тээврийн хэрэгсэл болж байгаа.
-Тэгш, сондгойгоор явуулж эхэлснээр замын хөдөлгөөний ачаалал өмнөх хөл хорионоос хэдэн хувиар буурсан бэ?
– Өмнөх QR кодоор зорчуулж байсан үеэс цөөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөл хорионы дэглэмийг сайн сахиж байна.
-Иргэд тэгш, сондгойгоор зорчихтой холбоотой санал, хүсэлт гаргаж байна уу?
-Манай алба хаагчдад ямар нэгэн гомдол, санал ирээгүй. Иргэдийн хувьд гаргасан шийдвэрийг дагаж, ажил үйлчилгээгээ явуулж байна.