Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
–“Ковид-19” ямар түвшинд байна вэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхгүй юу?
-Халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Хөл хорио тогтоохоор халдварын тохиолдлын тоо буурахгүй, өмнө нь халдвар авсан хүмүүс гарч ирж байна. Халдвар авсан хүмүүсийн тоо ихсэх тусам хүндээр өвдөж буй хүмүүсийн тоо өсөж байна. Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүсийн хувьд хүндээр өвдөж байна. Хөл хорио тогтоож байгаа болохоор аль болох гэртээ байж, халдвар авах эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
–Хэчнээн хүүхэд “Ковид-19”-ийн халдвар аваад байна вэ?
-3091 хүүхэд өвчилсөн. Шинж тэмдэггүй халдвар явагдах тохиолдолд халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс гадуур явахгүй байх хэрэгтэй.
–“Ковид-19” туссан хүмүүсээс PCR шинжилгээ нэхээд байна. Үүнийг яаж шийдэх вэ?
-Эдгэрээд гарч байгаа хүмүүстээ бичиг өгч байгаа. Тухайн хүн давтан шинжилгээг гурван сарын турш өгөхгүй байж болно гэсэн журам бий.
–Хөхүүл ээжүүдийн хувьд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу?
-Хөхүүл хүмүүс вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болно.
–Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс гэрээр хэрхэн эмчлүүлж байгаа вэ?
-Хөнгөн хүмүүс 14 хоногийн дотор эмчлэгдэж байгаа. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс халууны шил, D, C витамин зэргийг тарааж өгсөн. Биеийн байдлыг үнэлэх аргуудыг өрхийн эмч нар зөвлөж байгаа.