УОК-ын арвандөрөвдүгээр хурал цахимаар болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг хязгаарлах талаар авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл сонсов.
Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай ЭМ-ийн сайдын саналыг дэмжсэн байна.
Нийслэлд хүн амын дунд халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж байгаа учир гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэх нь зүйтэй гэдэгт комиссын гишүүд санал нэгдсэн байна.
Иймд оюутны дотуур байр, сургуулийн байр, спортын заал, зочид буудлуудын орны тоон судалгааг УОК-ын шуурхай штабаас гаргасны дагуу бэлтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орчныг тухай бүрт бүрдүүлэхээр болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 16 зүслэгт компьютер, томографийн аппаратын засвар үйлчилгээг хийж дууссан бөгөөд хэвийн ажиллах болсон байна. Вакцин захиалга, татан авалтын талаарх улс орнуудтай хийж байгаа яриа хэлэлцээрийг эрчимжүүлж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулсан байна.