Улсын Онцгой комиссын даргын 35 дугаар тушаал, удирдамжийн хүрээнд яамдын сайд нараар ахлуулсан Шуурхай зохицуулалтын хэсгүүд дүүргүүдийг хариуцахаар болсон.
Налайх дүүргийг хариуцсан ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахлахаар болсон байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МХЕГ-ын дарга Т.Гантулга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Т.Хэрлэн, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдорж нар орсон байна.
Өнөөдөр тус ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллаж, ковид өвчлөлийн нөхцөл байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулан ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Шуурхай штабын дарга Х.Анхбаяр нар дүүрэгтээ хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, зохион байгуулалтын арга хэмжээний талаар танилцууллаа.
Мөн батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж үйлчилгээ, халдваргүйжүүлэлт болон халдвар хамгааллын дэглэм сахиулж буй байдал, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид өдөр тутам шуурхай мэдээлэл солилцож хамтран ажиллахаар боллоо.