Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр /2021.04.20/ Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “ Миний бие өнөөдөр сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал нь Зэвсэгт хүчнийг улс төржүүлж байгаатай холбогдуулан тайлбар өгөхийг хүссэн юм. Үүний өмнө Зэвсэгт хүчин хэмээх их айлын талаар товч мэдээлэл хүргэе.
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаас хойших өдгөө 100 жилийнхээ түүхт ойгоо тэмдэглээд, дараагийн 100 жилийнхээ түүхийг бичээд явж байгаа их айл. Өнгөрсөн түүхэн хугацаанд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ард олныг бичиг үсэгт сургах, ард түмний эрүүлийг хамгаалах, улс орондоо орчин үеийн соёл, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, анагаах ухааны ололтыг нэвтрүүлэх, аж үйлдвэрлэл, улс ардын аж ахуйг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж, цаг ямагт манлайлсаар ирсэн салбар.
Монгол Улс 1990-ээд оноос ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, шинэ Ардчилсан Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх”-ыг хуульчлан баталгаажуулснаар Зэвсэгт хүчин нь иргэний хяналтад байх, ардчилсан нийгмийн үнэт зарчим, улс орны эдийн засгийн чадавх, бодит боломжид нийцсэн “Мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх”, “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж хөгжүүлэх” бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна.
Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудал болох Зэвсэгт хүчний эрх зүйн орчны шинэчлэл, бүтэц, зохион байгуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх арга хэмжээг үе үеийн төр, засгийн удирдлага, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд авч хэрэгжүүлж ирсэн.
Бид сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд өрнөсөн цэргийн алба хаагчийн амь насыг хохироосон мөн цэргийн алба хаагчид хоорондоо ёс зүйгүй харилцсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн үндсэн шалтгааныг нь тодруулж, түүнийг бүрэн таслан зогсоохын тулд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж, төрийн хууль тогтоомж, цэргийн дүрмүүдийн хэм хэмжээг чанд сахиулахад онцгой анхаарч ажиллаж байна.
Өнөөгийн тайван цагт Зэвсэгт хүчин оршин байхын учир нь Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчныг хангах, болзошгүй халдлага, түрэмгийллийг тогтоон барих, орчин цагийн байлдаан, зэвсэгт мөргөлдөөнд шаардагдах бүхэнд цэргийн алба хаагчдаа сургаж бэлтгэх, байлдааны байнгын бэлэн байдлыг хангах явдал юм.
Өдгөө Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дэлхийн жишигт нийцүүлэн улам бүр боловсронгуй болгон хөгжүүлж байна.
2020 оны Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, Барилга-инженерийн цэргээс бүрдсэн нь эх орныхоо агаарын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллийн эсрэг зэвсэгт тэмцэл явуулах бэлтгэлээ амжилттай хангахын зэрэгцээ энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж байгааг та бүхэн мэднэ.
Монгол цэрэг боловсрол, дадлага, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалтаараа өнөөдөр олон улсын түвшинд хүрч, “Монгол цэрэг бол Дэлхийн цэрэг” хэмээн үнэлэгдэж чадсан. Яг энэ цаг мөчид гэхэд дэлхийн халуун цэгүүдэд манай Зэвсэгт хүчний 1100 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Зэвсэгт хүчин улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд бусад аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудтай хамтран мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлжилт, зохион байгуулалттайгаар оролцон, монгол хүн, монголчууд бие даан томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж чаддаг гэдгийг ард түмэндээ батлан харуулж чадлаа.
Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн 17,5 км хатуу хучилттай авто зам, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийг амжилттай гүйцэтгэж, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 километр төмөр замын доод бүтцийн ажлыг богино хугацаанд хийж, одоогийн байдлаар сүүлийн шатандаа буюу дээд бүтцийн ажлыг дуусгах шатандаа явж байна.
Дэлхийн улс орнуудыг хамарсан “Ковид-19” цар тахлаас манай улс ангид байж чадаагүй. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний 225 цэргийн алба хаагч хөдөө орон нутагт цар тахалтай тэмцэх тэмцэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран оролцож байна. Мөн Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн “Ковид-19” вирусээр өвчилсөн иргэдийг эмчилж, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд өдөр, шөнө гэж ялгалгүй зогсож байна.
Та бүхнийг цуглуулж мэдэгдэл хийх болсон үндсэн асуудалдаа оръё. Энэхүү мэдэгдлийг хүргэхээс өмнө та бүхэнд бодит нөхцөл байдлыг бүрэн хэмжээгээр харж, олон нийтэд түгээх нь хамгийн чухал байна гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.
Та бүхэнд мэдэгдлийг хүргэхээс өмнө нэгэн зураг үзүүлье. Энэ зураг үзүүлэх шалтгаан нь өнөөгийн нөхцөл байдал хэсэгчилсэн байдлаараа хууль тогтоомж болон Монгол Улсад өрнөж байгаа улс төр, нийгмийн асуудлыг дүрслэн харуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгэм, цаг үеийн асуудал нь иргэдийг талцуулж болзошгүй байгаа учир бүх хүн хаана хаана бодож, болгоомжилж, Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах юу юунаас илүү чухал юм гэдгийг онцгойлон хэлмээр байна.
Энэ зургаас бас мэдээллийн дайн мэдээллийг ямар хэмжээнд хүргэж, өөрийн эрх ашигт нийцүүлэн яаж гуйвуулж болохыг та харж болно. Цэргийн алба хаагч байлдааны талбарт тухайн орон нутгийн иргэнд тусалж байгаа мэт боловч нөгөө талаас нь буу тулгаснаар харагдаж байна. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаж, хамтарч ажиллана гэдэгт ЗХЖШ-ын даргын хувиас итгэж байна.
Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ш.Жадамбаа генералыг үгийг онцлон дурдъя. “Аливаа юманд гол шугам, гол гогцоо гэж байдаг юм. Чухам үүнийгээ л барьж, цагийн аяст дайвж гуйвахгүй, улс орон ард түмэн армийнхаа эрх ашгийг л урьтал болгож бай” гэж хэлсэн түүний хойч үедээ үлдээсэн гэрээслэл домогт генералын тухай номонд тэмдэглэн үлдсэн байдаг. Энэ үг бидэнд өнөөдөр том сургамж болон илэрхийлэгдэж байна. Нэн ялангуяа өнөө үед бидний ирээдүй болсон хүүхэд, залуучууд энэ үгийг байнга санаж явах ёстой.
Ш.Жадамба генералын “Монголын төрийн цус булингартлаа” хэмээн илэрхийлсэн нь эх орондоо тангараг өргөсөн, төр нийгмийн зүтгэлтний хойч үедээ захиж үлдээсэн гэрээслэл гэж ойлгож болно.
Зэвсэгт хүчин нь аливаа улс төрөөс ангид байж, улс орны аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн зохицуулалттай. Зэвсэгт хүчний тухай хуулийн 17.1, 17.2-т Зэвсэгт хүчинд улс төрийн нам, улс төрийн зорилготой олон нийтийн, шашны байгууллага байгуулах, цэргийн алба хаагч болон хөдөлмөрийн тухай хуулиар ажиллаж буй иргэн улс төрийн үйл ажиллагаа явуулахыг тус тус хориглосон байдаг. Мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын дөрвөн зарчмын нэг нь улс төрийн үйл ажиллагаанаас ангид байхыг ч тусгасан байдаг.
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож, олон нийтэд сөрөг мэдээ, мэдээлэл цацах нь хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд улсын батлан хамгаалах чадавхыг бууруулах, төр засаг, Зэвсэгт хүчиндээ итгэх иргэд, олон нийтийн итгэлийг алдагдуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдал алдагдах, гаднын улс орнуудын өгөөш болох аюултай байдлыг бүрдүүлдэг гэдгийг байнга санах нь зүйтэй.
Энэ зарчим зөрчигдөж, Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаа, хямралдаа цэрэг, арми татан оруулснаар иргэний дайнд хүргэж улс орноо мөхөөх хүртэл гашуун сургамж олон улсын түүхэнд олонтаа тохиолдож байсан. Энэхүү гашуун түүх манай сайхан оронд битгий тохиолдоосой гэдгийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зүгээс хэлмээр байна.
Миний бие ЗХЖШ-ын даргын албан тушаалд томилогдох асуудал нь 2019 онд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан. Тухайн хэлэлцэх асуудлын үед УИХ-ын гишүүд ч улс төрөөс ангид байхыг онцгойлон хэлж, ялангуяа, тухайн үед байгуулагдаад, үйл ажиллагаа нь идэвхжиж байсан “Үндэсний фронт” хөдөлгөөнд бэлтгэл цэргийн алба хаагчид олноор хамрагдаж байгааг буруутгаж, ийм байдлаас ангид байхыг захиж байсан.
Гэхдээ өнөөдөр нөхцөл байдлыг эргээд харахад өөр байна. Тухайлбал, Монгол Цэргийн Нэгдсэн холбоо гэдэг байгууллагыг та бүхэн мэднэ. Энэ байгууллага анх байгуулагдахдаа цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлаар эвлэлдэн нэгдэж байсан. Өдгөө эргээд харахад улс төрөөс шууд хамааралтай буюу Монгол Ардын намын дарга ахлаад явж байна. Дүрэмдээ бол Монгол Цэргийн нэгдсэн холбоог Ерөнхий сайд ахлан ажиллах заалттай. Энэ асуудлыг холбогдох байгууллагын шийдвэрлэх байх гэж харж байна. Түүнчлэн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол мэдээж сайшаалтай. Зэвсэгт хүчинд тулгамдаж байгаа асуудлыг төрийн дээд байгууллагаас шийдвэрлэх хүсэл, эрмэлзлэлтэй байна гэж харж байна. Ард түмнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийг цэргийнхэн бид хүндэтгэж явдаг. Гэхдээ Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцүүлэг хийж, улс орны аюулгүй байдлыг хангах тогтолцоог гажуудуулах асуудал гаргасан гэж үзэж байна. Тухайн үед улс төрийн тоглолт хийж, улс орны батлан хамгаалах чадавхтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн нь төрийн болон албаны нууц задлах нөхцөлийг бүрдүүлсэн.
Зэвсэгт хүчинд жижиг асуудал гэж байдаггүй. Нийгмийн олон талт харилцаа, сайн муу тусгал цэргийн албыг тойроогүй. Улс төржүүлж болохгүй асуудал гэж бий, зөрчигдвөл том төлөөсийг улс үндсээрээ төлдөг гашуун сургамжийг мартаж болохгүй.
Эрхэм улс төрчид маань Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй шийдвэрлэж байх нь улс үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ гэдгийг ажил хариуцаж байгаагийн хувьд илэрхийлье.
Зэвсэгт хүчин хариуцлагаас зугтаагүй, эх орон, төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байна. Хууль тогтоомжийн хүрээнд гарсан шийдвэрийг Зэвсэгт хүчин хүндлэн биелүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч ч Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалт дээр “Цэргийн байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ангид байх ёстой”-г захиж, анхааруулж байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийсний дараа ЗХЖШ-т хүрэлцэн ирсэн. Бидэнд гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнийг онцгойлон хэлж байгаа нь сэтгүүлчид та бүхнийг болж байгаа үйл явдлыг гуйвуулахгүйгээр олон нийтэд хүргээсэй хэмээсэндээ дурдаж байгаа юм.
Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлд нэгдүгээрт, цэргийн албыг сайжруулах асуудлаар бий болсон Ажлын хэсгийн цэргийн анги байгууллагуудын үйл ажиллагааг шалгах, холбогдох шийдвэр гаргах асуудлаар ярьсан. Хоёрдугаарт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хойшлогдсон арга хэмжээг хэзээ, ямар хэлбэрээр “Ковид-19”-ийн нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах тухай санал солилцсон. Гуравдугаарт, Монгол Цэргийн Нэгдсэн холбоотой үйл ажиллагааны талаар лавлаж асуусан.
Өчигдөр Монгол Ардын Намын зүгээс хийсэн мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Зэвсэгт хүчний Жанжин штабт ажилласан асуудлыг улс төрийн өнцгөөс холбон ярьж байгааг нь ЗХЖШ-ын зүгээс албан ёсоор няцааж байгааг үүгээр мэдэгдье.” гэлээ.