Г.Сайханбаяр:Цэргийн анги, төрийн байгууллага архинаас ангид байх ёстой

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өнгөрсөн Баасан гарагт Төрлийн цэргийн командлалууд, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагчийн орлогч, сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын нэгдсэн зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа. Батлан хамгаалахын сайдын зөвлөгөөний үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь, тавигдсан илтгэлүүдийг товчлон хүргэж байна.
Эрхэм генерал, офицерууд Та бүгдийн амрыг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Хэдий цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн бид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй. Өнөөдөр Зэвсэгт хүчний сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн ажилтнуудтай хийх зөвлөгөөнийг анх удаа цахимаар зохион байгуулж байна. Энэ нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх ач холбогдолтой ажил болно гэдэгт найдаж байна.
Батлан хамгаалах салбар Үндсэн хуульд заасны дагуу улс орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хариуцан ажилладаг. Зэвсэгт хүчний гол үүрэг нь Монгол Улсын иргэдийг батлан хамгаалах бэлтгэлжилттэй байлгах юм. Энэ үүргийг биелүүлэхийн тулд БХЯ, ЗХЖШ гэдэг хоёр байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс цэргийн сэтгэл зүйчидтэй хамтран хийж буй энэ зөвлөгөөнд миний бие мэргэжлийн хүний үүднээс биечлэн оролцож, хэрхэн цаг үедээ нийцсэн өөрчлөлт, хандлагыг бий болгох талаар санал бодлоо хэлж байгаа юм.
Хүнтэй илүү тулж харьцдаг бидний мэргэжил зүгээр ч нэг үүрэг өгдөг, лекц уншаад өнгөрдөг ажил биш. Өнөөдөр хүмүүжил, төлөвшил, соёлгүй цөөхөн хэдэн офицер, удирдах бүрэлдэхүүн, цэргүүдтэй ажиллаж байгаа албан тушаалтнаас болж нийгэмд ямар том сенсаци үүсэж, улмаар олон мянган ээжийн сэтгэлийг хямрааж, дээрээс нь 100 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний нэр хүндийг хэрхэн шороотой хутгаж болдгийг, асуудал ямар хэмжээнд хурцадсаныг харлаа. Тиймээс бид өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин олон шинэчлэл, дэвшлийг хийсэн. Хэдий тийм ч гэсэн бидэнд алдаа дутагдал байсаар л байгаа нь сая болсон үйл явдлаас тодорхой харагдаж байна. Би нэг зүйлд итгэлтэй байдаг. Манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнчээ харуулж, хийж байгаа ажлаа хариуцсан шиг хариуцаж, хийсэн шиг хийж байгаа гэж боддог. Гэвч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидгийн жишээг сая харууллаа. Тиймээс бид ажилдаа дүгнэлт хийж, залруулах зүйл гарвал цаг алдалгүй засаж байх ёстой. Бие биеэ шүүмжлэх нь гол биш. Цаашид яаж ажиллах вэ гэдэг чухал.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд залуусын хүмүүжлийн түвшин ямар байгаа вэ гэдэгт хүн бүр өөр өөрийн дүгнэлт гаргасан нь мэдээжийн хэрэг. Энэ бүхэнд мэдрэмжтэй байж, ухаалгаар хандах хэрэгтэй. Бид өнөөдөр нийгмийг шүүмжлээд суудаг хүмүүс байж таарахгүй. Өөрөөр хэлбэл хандлага гэдэг зүйл биднээс эхэлнэ. Ирээдүйн Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах залуусыг бид бэлтгэж байгаа учир хариуцлага гэдэг зүйлийг эхэнд тавих ёстой. Үүний тулд бид хандлагаа л өөрчилчихье. Цэргийн сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн ажилчид та бүхэн өөрсдийн анги, байгууллагадаа хамгийн нөлөө бүхий байх ёстой. Энэ боломжийг нь удирдлагын зүгээс дэмжих нь чухал.

Зэвсэгт хүчин бол онцлогтой салбар. Хугацаат цэргийн алба хаагчид, залуу офицер, ахлагч нарын зан төлөв, ар гэрийн байдал, амьдрал ахуй, боловсрол мэдлэг, бие бялдар нь ямар түвшинд байгааг судлаж мэдэх шаардлага үүсэж байна. Мөн хамт олны уур амьсгал гэдэг хамгийн чухал. Үүнд байнга дүгнэлт хийж байх ёстой. Хамт олон дотроо эрүүл зөв шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Ангийн байрлалд өдөржингөө халамцуу байсан залуу офицерыг бүгд мэдэж байсан мөртлөө нэг ч хүн шаардлага тавиагүй. Хамгийн наад захын жишээ бол энэ. Тэр хүнийг ч бодохгүй, өөрийн ангиа ч бодохгүй байна гэсэн үг. Намайг дэслэгч цолоо аваад улс төрийн орлогчоор ажиллаж байхад цэргүүд өөрийн цэргийн байрны ойролцоо шүдэнзний мод хаяхгүй шүү гэж бие биедээ уриалдаг байсан. Тийм сэтгэл бүгдэд нь байх ёстой.
Хамт олныг ажилд нь дадлагашуулж, мэргэшүүлэхэд зориулсан олон ажил, арга хэмжээ байдаг. Түүн шиг маш сайн ажлыг сэдэж, зохион байгуулдаг болмоор байна. Хүмүүжил, төлөвшил гэдэг чухал юм шүү. Хамт олон дундаа орж ажиллаж чаддаггүй, ажлаас хойш суусан үл бүтэх нөхдөөс эртхэн салах хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд офицер, ахлагч нарыг бэлддэг сургалтын тогтолцоо тааруу болсон нь маш их ажиглагдаж байна. Энэ асуудал дээр шинэчлэл хийхээр мөрийн хөтөлбөр болон Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан. Офицерын дөрвөн жилийн академик сургалтыг дараа жилээс эхлүүлнэ. Заавал академик сургалт төгссөн хүнийг хүнтэй ажилладаг албан тушаалд томилно. Жишээ нь, Аюулгүй байдлын сургууль болон бусад энгийн сургууль төгссөн хүнийг салааны захирагчаар томилохгүй гэсэн үг. Офицер, ахлагчийн боловсон хүчин бэлддэг энэ тогтолцоонд өөрчлөлт хийнэ. Сүүлийн жилүүдэд ахлагч нар офицерын бүрэлдэхүүнд маш ихээр шилжиж орсон нь буруу байсан гэдэг нь харагдаж байна.
ҮБХИС-ийн сургалтын материаллаг бааз, багш нар, бэлтгэгдэн гарч буй салаа, салбарын захирагч нарыг чанаржуулах асуудлаар тодорхой бодлогын шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ. Харин ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд сургууль төгсөгч нарын судалгааг БХЯ-нд ирүүлж баймаар байна. Тэр тусмаа мэргэжил бүрт нь дүгнэлт хийх хэрэгтэй. Гадаадад суралцан төгсөж байгаа болон дотооддоо бэлтгэгдэж буй сонсогч нарын юу нь болохгүй, юуг нь давтан сургах шаардлагатай байна вэ гэдгийг анхаарах ёстой.
Би Батлан хамгаалахын сайд гэхээсээ илүү БХЯ-ны ТЗУГ-ын даргаар 10 жил алба хашиж, хүнтэй олон жил ажилласан хүний хувьд хэлж байгаа юм. Бүгдээрээ хандлагаа л өөрчлөе. Миний бие үүсээд буй цаг үеийн хэрэг, зөрчилтэй холбоотойгоор Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Цаашид хэрэгжүүлэх ажлаа таван үндсэн чиглэлээр тусгасан.
Нэгдүгээрт, офицерын бүрэлдэхүүний ёс суртахууны түвшин тогтоох үзлэгийг хийнэ. Зэвсэгт хүчний дараагийн шинэчлэлийг хийх, удирдах бүрэлдэхүүний бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэлтийн байдал, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр төвлөрч түвшин тогтоох үзлэгийг энэ жилээс эхлүүлнэ. Дээрээс нь залуу офицеруудыг төлөвшүүлэх олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ бол офицеруудыг халж, сэлбэх ажил биш, өнөөдрийн Монголын Зэвсэгт хүчний офицер хүн ямар түвшинд байна вэ гэдгийг судалж, тохирох алба тушаалд нь томилж шинэчлэлийн суурь шийдлийг гаргаж ирэхдээ юм.
Хоёрдугаарт, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, ялангуяа хугацаат цэргийн алба хаагчтай ангиудад Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн дэргэдэх Иргэний зөвлөлийг байгуулна. Тус зөвлөлд үе үеийн цэргийн шилдэг дарга нар, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн алдартан, гавьяатнууд, эрдэмтэд, судлаачид, хүний эрхийн болон хүүхдийн байгууллагын төлөөллийг оролцуулна. Ангиуд өөрсдийнхөө хэмжээнд хүртэл Иргэний зөвлөлийг байгуулах нь зүйтэй. Нэгдсэн нийтлэг заавар, журам гаргаж байгаа. Иргэний зөвлөл нь Батлан хамгаалахын сайдын Зэвсэгт хүчинд тавих хуулиар хүлээсэн иргэний хяналтыг хэрэгжүүлэх гол субъект байх бөгөөд илүү та бүгдтэй илүү хамтарч ажиллах боломж бүрдэж байна гэсэн үг.
Гуравдугаарт, БХЯ-нд иргэдэд нээлттэй байдлаар 1800-1144 гэсэн тусгай дугаарын утсыг ажиллуулаад 20 орчим хоног өнгөрч байна. Энэ бол нийгэм, олон нийтэд нээлттэй байх талаасаа ач холбогдолтой. Энэ утас 24 цагаар тасралтгүй ажиллах бөгөөд иргэдээс ирсэн бүхий л төрлийн санал гомдлыг хүлээн авч, холбогдох албан тушаалтнуудаас хариу авч эргэн мэдээлэх үүрэгтэй.
Дөрөвдүгээрт, Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчтай нэгтгэл, ангийг хяналтын камераар тоноглох ажил хийгдэнэ. Энэ талаар Хүний эрхийн хороотой зөвлөлдсөний үндсэн дээр бүх шатны тушаал шийдвэр гарсан. Энэ чиглэлээр дотоод хяналтыг сайжруулах талаар анхаарах ёстой. ЗХЖШ-аас нэгдсэн тооцоо, судалгааг ирүүлсэн байгаа.
Тавдугаарт, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад архидан согтуурах асуудалтай тэмцэх ажлыг зохион байгуулах талаар тушаал, шийдвэр гарсан. Цэргийн анги, төрийн байгууллага архинаас ангид байх ёстой. Гурван жилийн өмнө Зам, тээврийн яаманд болсон асуудалтай холбоотойгоор төрийн бүх байгууллагад архины хэрэглээг хатуу хориглосон. Харамсалтай нь энэ хууль, журам манай салбарт мөрдөгддөггүй юм байна. Цэрэг, архи хоёр хэзээ ч эвлэрэх ёсгүй. Манай сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицерууд энэ асуудлыг хүнд хүргэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ оноос эхлээд архины асуудлыг зогсоохоор ажиллаж байна. Дүрэмт хувцастай болон цэргийн ангид архи хэрэглэх асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Нийгмийн хэмжээнд авч үзэж буй гэмт хэргийн 90 хувь нь архитай холбоотой байна.
Энэ таван үндсэн чиглэлээр миний бие шийдвэр гаргасан. Үүний хүрээнд тодорхой ажил хийгдэнэ. Цэргийн сэтгэл судлаач, соёл хүмүүжлийн офицерууд яг одооноос эхлээд дараах шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэл. Энэ салбарыг муу муухай зүйлгүй болгохын төлөө бүгдээрээ хамтарч ажиллая. Миний хувьд завгүй гээд суух юм байхгүй. Нэгтгэл, анги, салбартайгаа удахгүй танилцана. Та бүхний ч бас хичээл зүтгэл чухал шүү. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …