9 дүүрэгт хүүхдийн түргэний тэрэг авч өгөхөөр болж төсвөө тодотголоо

НИТХ-ын ээлжит бус 4-р хуралдаан 2013 оны 11 сарын 14-нд боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. НИТХ-ын хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм.
УИХ-ын 10 дугаар сарын 25-нд болсон хуралдаанаар 2013 оны төсөвд өөрчлөлт оруулсан. Улсын төсөвт өөрчлөлт орсноор нийслэлийн 2013 оны Улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг 11,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд 2013 онд 15,3 тэрбум төгрөг нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн байна.  Мөн Улсын 2013 оны төсвийн орлогын биелэлтийн дүнгээс хамаарч орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээ 6,5 тэрбум төгрөгөөр бууруулж, 35,0 тэрбум төгрөг болгохоор Улсын Их Хурлаас баталжээ. Дээрх орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийн өөрчлөлтөөс хамаарч нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 2,6 тэрбум, дүүргүүдийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 3,9 тэрбум төгрөгөөр буурах юм байна. Харин 2013 оны  Улсын төсөвт гадаадын зээлийн эх үүсвэрээр дамжин хэрэгжихээр батлагдсан Яармагийн гүүрийг хос болгох, хуучин гүүрийг засварлах, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн 25,1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ бүрэн хасагдсан байна.
Тиймээс 2013 оны нийслэлийн төсвийн орлого, урсгал зардалд хэд хэдэн өөрчлөлтүүдийг оруулахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан байна. Тухайлбал инженерийн шугам сүлжээний өвөлжилтийн бэлтгэлийг хангахад 324.3 сая, Монгол наадам цогцолборын үйл ажиллагааны зардалд 161.6 сая төгрөгийг тусгажээ. Харин энэ онд бүрэн бүтэц орон тоогоор ажиллаагүй нийслэлийн  харьяа 6 байгууллагын урсгал зардлыг 417.7 сая төгрөгөөр бууруулж, “Улаанбаатар-Орон сууц сан”–д  5.0 тэрбум төгрөгийг, шинээр байгуулсан “Ахмадын Орон сууц” НӨҮГ– ийн эхний үеийн шаардагдах 15.0 сая төгрөгийн зардлыг төсөвт нэмж тусгахаар болжээ.
НИТХ-ын Төлөөлөгчид төсвийн тодотголд цэцэрлэг сургууль барих, засах асуудлыг хэрхэн тусгаж байгааг тодрууллаа.  Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, улсын тусгай шилжүүлгээр санхүүжиж буй дүүргүүдийн боловсрол, соёлын байгууллагуудын хэмнэгдэж буй зардлыг, өртэй болон дутагдаж буй дүүргүүдэд шилжүүлэх маягаар зохицуулалт хийсэн гэсэн юм.  НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа дүүрэг бүрийг хүүхдийн түргэний машинтай болгоход шаардлагатай 780 сая төгрөг, яаралтай түргэн тусламжийн төвд шинээр 5 машин авах  85 сая төргөргийг тодотголд суулгах саналыг оруулсан юм. Мөн НИТХ-ын Төлөөлөгч С.Үнэн, БНСУ-ын КОЙКА-ийн  төслөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн цэвэр усны хангамжийг сайжруулах төсөл энэ оны 12 сард дуусна. Төсөлд шаардлагтай байгаа 620 сая төгрөгийг тодотгол нэмж оруулах санал орууллаа. Төлөөлөгчдийн оруулсан саналыг төвсийн тодогтолд нэмж тусгах тухай санал хураахад олонхи нь дэмжсэнээр 1 тэрбум 407 сая төгрөг нийслэлийн 2013 оны төсвийн тодотголд нэмж суухаар боллоо.
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн төсвийн орлого 440,5 тэрбум төгрөг байсан бол 446,7 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 41,5 тэрбум төгрөг байсан бол 35,0 тэрбум төгрөг, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 233,1 тэрбум төгрөг байсан бол 222,6 тэрбум төгрөг,  Урсгал зардлын хэмжээ 257,1 тэрбум байсан бол 261,9 тэрбум төгрөг,  Улсын тусгай шилжүүлгийн хэмжээ 223,7 тэрбум  байсан бол 223,4 тэрбум төгрөг, Улсад төвлөрүүлэх орлого 3,6 тэрбум төгрөг байсан бол 15,3 тэрбум төгрөг болж өөрчлөхөөр  тогтоол баталлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …