Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, БОАЖЯ хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын виртуал чуулган тав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг “Тогтвортой хөгжлийн боловсролын элч”-ээр тодорлоо.
Оролцогчид “Тогтвортой хөгжлийн боловсрол 2030”-ын тэргүүлэх таван чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн зургаан чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Мөн тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлсэн туршлага, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад тус арга хэмжээний зорилго юм.
“Тогтвортой хөгжлийн боловсрол” цахим чуулганд 21 аймаг, бүх сумдын багш сурган хүмүүжүүлэгчид, байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл, ХБНГУ, Австрали, Индонези, Европын холбоо, Япон, БНХАУ, АНУ зэрэг улсаас шууд холбогдон илтгэл, мэдээлэл хийж, туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагааны механизмыг бий болгоход хувь нэмрээ оруулж байна.