Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цар тахлын үед иргэд, төрийн албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, цаашлаад төрийн үйлчилгээг зогсолтгүй хүргэх зорилгоор иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Улсын бүртгэл, Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Санхүү, Төрийн сангийн хэлтэс зэрэг хэлтэс албадыг дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд үйл ажиллагаа явуулах чиглэл өгсөн. Тэр ч утгаараа дээрх 5 хэлтэс үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Үйлчилгээ авч буй иргэдийн хэлж байгаагаар“Урин дулаан цаг ирж байхад төрийн үйлчилгээг зааланд бөөгнөрч биш, гадна талбайд авах нь зөв. Коронавирусын халдвар битүү орчинд тарж байгаа гэж мэдээлэлж байгаа, дээрээс нь урин дулаан цаг ирж байхад төрийн үйлчилгээг зааланд бөөгнөрүүлж биш, гадна талбайд яг ингэж өгөх нь зөв. Баянзүрх дүүргийн Онцгой комисс маш зөв зохион байгуулж байна. Харин гадна үйл ажиллагаа явуулж буй хэлтсүүд үйлчилгээгээ хурдасгах хэрэгтэй” гэж байлаа.
Яагаад гадна ажиллаж байгаа шалтгааныг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөс тодруулахад:“Халдвар судлаачдын хэлж буйгаар Коронавирусын халдвар нь битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед илүү хол зайд, цар хүрээ ихтэйгээр тархаж байгаа нь тогтоогдсон.
Тиймээс нэгдүгээрт иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, хоёрдугаар төрийн алба хаагчдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, гуравдугаарт төрийн үйлчилгээг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилгоор иргэдийн хамгийн их авдаг төрийн үйлчилгээ авдаг хэлтсүүдийг гадна байрлуулсан.
Иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, төрийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй” гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.