Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
Зэвсэгт хүчний 330-р ангиас бүрдсэн жагсаалын хайрцаг ОХУ-ын Төрийн далбааны дараа буюу ОХУ-ын Дорнод цэргийн тойргийнхны тэргүүнд сүр жавхлантайгаар алхсан билээ. ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг удирдан ажилласан Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм, тус командлалын Материал, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзаж, цэргийн ёслолын жагсаалд оролцсонд талархлаа дэвшүүлсэн байна.
Ташрамд дурдахад, цэргийн ёслолын жагсаалд оролцсон болон ахалсан бүрэлдэхүүн Улсын Онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийн дагуу эх орондоо ирээд 14 хоногийн тусгаарлалтад орсон байна.