Зэвсэгт хүчний алба хаагчид ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь учирч болзошгүй эрсдлээс авран хамгааллаа.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллаж, олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Аяганы хонхор” хэмээх газраас 100 мм-ийн сумны хошуу 25, сургуулийн зориулалттай 115 мм-ийн сум 14, 125 мм-ийн сум 5, нийт 44 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон бол нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нэгэн айлын хашаанаас илэрсэн “ПАБ-150” байлдааны онгоцны бөмбөгийг аюулгүйгээр тээвэрлэн, тусгай бэлтгэсэн газар оронд тэсэлж устгалаа.
Тус “ПАБ-150” тэсрэх бөмбөгийн хөнөөлийн радиус нь нэг км бөгөөд энэ тойргийн хэмжээнд байгаа хүн, мал амьтан, байшин барилгыг бүрэн устгах чадвартай гэсэн үг юм. Тус бүлгийнхэн өнгөрсөн сард мөн Говьсүмбэр аймагт ажиллаж, тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэглэлийг илрүүлж аюулгүй болгосон билээ.