Туул голын сав газрын экологийн нөхцөлийг сэргээх зорилгоор 2012 оноос манай улс минж нутагшуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 57 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа юм.
Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх төвд өнөөдрийн байдлаар 44 минж байгаагаас найман бүл хээл авч, тэдгээрээс хоёр нь дөрөв ихэрлээд байна. Харин тавдугаар сарын 10-даар тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо. Энэ нь нэн ховор тохиолдол бөгөөд идэш, тэжээл, амьдрах орчин, нөхцөл тааламжтай байгаагийн үр дүн гэдгийг минж маллагч Т.Ганзориг хэлж байна.
Дөнгөж төрсөн дүдрийн биеийн жин дунджаар 540-670 грамм байдаг бол тав ихэрлэсэн дүдрүүд 540-570 грамм гарчээ. Минж амьдрах орчноо өөрөө бүрдүүлдэг, маш цэвэрч амьтан тул идэш, тэжээлийн тал дээр чухал анхаарал хандуулж, Биологийн хүрээлэнгийн судалгаанд тулгуурлан, алим, лууван болон чихрийн манжин, улаан буудай зэрэг тэжээлээр өдөрт зургаан удаа хооллодог байна. Минж нутагшуулах үржүүлгийн байрны температурыг өвлийн цагт +8 хэмээс буулгахгүй байх, зуны цагт салхи авахуулахгүй, нарны хэт туяа оруулахгүй зэрэг нарийн арчилгаа хэрэгтэй байдаг аж.
Минж нь голын усны түвшнийг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой амьтан юм. 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн аясаар өсөж, үржих нөхцөл бүрддэг байна.
Цаашид Минж үржүүлэх төвийн үйл ажиллагааг тэлж, 30 га газарт Экологийн төв байгуулах зорилт тавин ажиллаж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр онцоллоо. Байгальд нутагшуулсан минжний нутагшлын байдал, үр дүнд хяналт тавих, мониторинг судалгаа хийх нь маш чухал тул Нийслэлийн Байгаль орчны газар судлаачидтай хамтран ажилласаар иржээ.