Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр /2021.05.12/ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “2019 оны дөрөвдүгээр сард би Хууль зүйн сайд болон Ерөнхий прокурорт С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан зохион байгуулалтай гүтгэж байна. Гүтгэж байгаа цаад эздийг олж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Ингээд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүнээс таны хүсэлтийг прокурорын байгууллагад шилжүүлсэн гэсэн хариу ирүүлсэн.
Сүүлийн үед Ц.Нямдорж сайдын гаргаж байгаа хачин авирыг хараад байхад би хүсэлтээ буруу хаяглаж явуулсан юм байна гэж бодож байна. Тэр үед Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан.
Ц.Нямдорж С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагч байж болзошгүй маягтай санаа бүхий зүйлүүдийг энэ хэргийг хянан шалгах ажиллагаанд оролцож байсан хүмүүс ярьж байсан нь үндэслэлтэй юм байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчтай холбоотой юм байна гэдэг бодол төрөх боллоо. Ингэж үзэх гурван үндэслэл байна.
- Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Ц.Нямдорж шиг удаан Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. Хууль зүйн яамыг толгойлж байсан хүний хувьд, УИХ-ын дэд дарга байсан хүний хувьд Монгол Улсын иргэн бүр хуульд захирагдах ёстой гэдгийг сайн мэднэ. Гэтэл өнөөдөр энэ хүн сандраад, хуулийг уландаа гишгэж эхэллээ. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих боллоо. Хуулиас дээгүүр тавьж байна гэдэг ноотой гэсэн үг.
- Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм ярьж, хэлдэг боллоо. Ямар ч логик, авцалдаагүй. Маш зөрчилтэй, хоорондоо авцалдахгүй юм ярьж байна. Энэ хүний сэтгэц зүгээр байгаадаа гэсэн эргэлзээ төрүүлж байна.
- Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа хэлж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэж байгаагүй, харин ч чангалж байсан. Эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг Ц.Нямдорж Монголд оруулж ирсэн. Эрүүдэн шүүх ажиллагаа явуулах санал, санаачлагыг гаргаж, оруулж ирж байсан. Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж магадгүй гэсэн миний хардлага үнэн байвал С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Ц.Нямдорж гаднын тусгай албатай холбоотой байсан тухай манай тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задалсан хэргээр ял авсан. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн хэргээр ялласан. Хэрвээ Ц.Нямдорж захиалагчтай холбоотой бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай хэрэг.
1990-ээд онд гаднын ККБ-тэй холбоотой байсан хүмүүс сүүлийн үед их идэвхжээд байгаа. Тиймээс миний хар улам газар авч байна” гэлээ.