Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжилтэн, зөвлөгч, бүсийн захирлын орлогч бөгөөд кабинетын гишүүн, Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга асан З.Жадамбаатай ярилцлаа.
-Та өнөөдөр Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнагдлаа. Баяр хүргэе!
-Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид өдөр шөнөгүй зүтгэж, бүх зүрх сэтгэлээрээ ажилладаг хүмүүс байдаг. Сайн муу, сайхан муухайг ялгалгүйгээр өвчин зовлон, нус, нулимстай зууралдаж явдаг хүмүүс бол эмч, сувилагч нар шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүс гавьяа шагнал хүртэх ёстой гэж бодож явдаг даа. Хүний эрүүл мэндийн төлөө гэх үйлсэд бид тангарагаа баримтлан, ард олныхоо амь насыг аврахын төлөө өдөр шөнө ялгалгүй зүтгэдэг. Эмч, сувилагчдын ажил туйлын онцлог бөгөөд цаг наргүй ажил байдаг даа.
-Манай улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Эрүүл мэндийн салбарынхны хувьд хүнд сорилт тулгараад байна?
-Эхэн үед Ковид-19-өөс сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан дэлхийн ихэнх улс орнууд барьц алдаж байсан. Үйл ажиллагаагаа харьцангуй оройтуулсан, сандарсан. Үүний жишгээр Монгол Улс эхэн үедээ арга барилаа сайн олохгүй, ямар арга хэмжээг авах нь зөв эсэх дээр нэлээн хугацаа алдсан. Гэхдээ манай улсын хүн ам харьцангуй бага. Гадны улс орноос тээвэрлэгдэн орж ирсэн халдварын тохиолдлын тоо бага байх ёстой. 250-400 сая гаруй хүн амтай улсад тархаж байгаа вирусийн халдварыг зүйрлэх аргагүй шүү дээ. Тийм учраас харьцангуй цөөхөн гарч байгаа ч өвчлөлийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээр байранд орчихоод байна. Үүнийг тодорхой хэмжээнд арга зүйгээ сайн олоогүй, сэргийлэх арга хэмжээ, хөл хорио, вакцины асуудлыг урьдчилсан байдлаар шийдэж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Дэлхий нийтээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг хожуудуулсан.
-Манай улсад сүүлийн хэдэн өдөр 1000 гаруй тохиолдол шинээр нэмж бүртгэгдэж байлаа. Одоо харьцангуй буурах хандлагатай болж байна. Эмнэлгүүдийн ачаалал, орны нөөц, эмч ажилтнуудын хүртээмжийн асуудал одоогийн нөхцөлд ямар түвшинд байгаа вэ?
-Одоогийн нөхцөлд эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрчихсэн байна. Эмч мэргэжилтнүүдийн нөөц, хангамж муудсан. Өвчлөлийн тархалт тоон мэдээллээс харахад буурч байгаа юм шиг харагдаж байгаа боловч авсан шинжилгээтэй нь харьцуулаад үзвэл сайн буурахгүй байна. Өөрөөр хэлбэл, 14-15 мянга гаруй хүнийг шинжилж байхад 1100-1200 хүнээс халдвар илэрч байлаа. Одоо 700-800 хүнийг шинжилгээнд хамруулахад 400-500 хүнээс халдвар илэрч байна. Ерөнхийдөө тоо нь бага харагдаж байгаа хэдий ч хичнээн хүнээс ямар судалгаа аваад тоо нь гарч байна гэдэг нь тодорхой биш учраас багасч байгаа юм уу үгүй юу гэдгийг мэдэхэд хүндрэлтэй.
-Цаашид нөхцөл байдал ямар түвшинд очих бол, ямар бодитой эрсдэлүүд үүсэхээр харагдаж байна вэ?
-Вакцины асуудлаар иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн олон төрлийн яриа, янз янзын мэдээллүүд гарч байна. Аль ч вакцины хувьд тодорхой хэмжээнд хүндрэлүүд гардаг. Энэ үед дөрвөн төрлийн вакцин гарчихсан байхад “тэр нь сайн, тэр нь муу” гээд байх зүйлгүй. Ямар ч тохиолдолд вакцин хийлгэх л хэрэгтэй. Хийлгэх үедээ эмч мэргэжилтнүүдийн урьдчилан сэргийлэх үг, зөвлөгөөг заавал дагах хэрэгтэй. Зарим тохиолдолд мэдэгдэхгүйгээр тодорхой хэмжээнд риск /эрсдэл/ үүсэх тохиолдол бий. Энэ бол хаана ч гарч байгаа асуудал юм. Тэр болгоныг муу тал руу харлуулах нь вакцины хамралтад маш сөргөөр нөлөөлж байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.